УИХ-ын дэд дарга, тусгай хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан АН-ын дэд дарга Г.Батхүү агсны ууган хүү Б.Ганхүлэг, охин Б.Цэлмэг, өмгөөлөгч Ж.Батхуяг нар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд өмгөөлөгч н.Батхуяг шүүхийн шинжилгээний дүгнэлтээс зарим хэсгийг нь уншсан юм. Тодруулбал, талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөлт хавдалт үүссэн. Задлан шинжилгээний явцад хүзүүний хажууд 0.5 см урттай улайлт үүссэн ба энэ нь боолтын улмаас үүсдэг байна.

Мөн гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэнээр амь насаа алдсан гэж дүгнэсэн байна. Үүнээс гадна УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграффын тест авахад “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр” гэж дүгнэжээ. 

Хэвлэлийн хурлын үеэр Батхүү агсны охин Цэлмэг, “Ээж минь насаараа ханилсан ханиа алдаж, сэтгэл нь шимширч, эмээ өвөө минь аавын минь зурагны өмнө өдөрт хэдэн удаа залбирч, дөрвөн настай дүү минь хоолноос гарч бэтгэрч байна. Бид аавынхаа амийг нэхэж, шударга ёсны төлөө тэмцэх болно” гэлээ.

Г.Батхүү агсан өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд дотор Засгийн газрын хуралдаан болдог танхимын ойролцоох өндрөөс зүүн талаараа унаж нас барсан юм. Талийгаачийн үхэлд эрүүгийн хэрэг үүсгээд найман сарын хугацаа өнгөрч байгаа ч хэрэг шийдэгдээгүй байна. 

Талийгаач хэрэг гардаг өдөр Торгоны зам олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцсон ба хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзсан юм. 

Энэ талаар Н.Номтойбаяр хэлэхдээ, “Бид авто спортын холбоотой учир энэ талаар ярилцах гэж миний өрөөнд 10-15 минут саатсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авсан” гэсэн мэдэгджээ.