УИХ-ын дэд дарга, тусгай хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан АН-ын дэд дарга Г.Батхүү энэ сарын 17-нд Төрийн ордонд нас барсан юм. Уг хэрэгтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас ямар ч тайлбар хийгээгүй байна.

Харин АН-ын зүгээс талийгаач Г.Батхүүтэй холбоотойгоор мэдээлэл хийж, зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар худал мэдээлэл тарааж, талийгаач нэр төрд халдахгүй байхыг хүслээ.

Мэдээллийн эхэнд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан талийгаач гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан байх магадлалтай гэж мэдэгдлээ. Мөн талийгаач хамгийн сүүлд МАН-ын гишүүнтэй уулзсан байгааг цагдаагийн байгууллага тогтоосон гэлээ.

Талийгаач энэ сарын 17-нд Торгоны зам олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцсон байна. Хуралдаан 18:20 цаг орчимд дууссан ба 19.00 цагт талийгаач нас байдалтайгаар олджээ.

Талийгаач Г.Батхүү хуралдааны танхимаас гараад АН-ын дэд дарга утсаар холбогдож Оросын талын түншүүдтэй оройн хоол иднэ гээд Оросод суух элчин сайдаар ажиллаж байсан тул түүнийг урьсан байна.

АН-ын мэдээлснээр талийгаач Засгийн газрын хуралдаан болдог танхимын ойролцоох өндрөөс гадны нөлөөтэйгөөр унасан байж болзошгүйгээр амь насаа алдсан гэлээ.

Гэвч талийгаач 19:00 цаг орчимд өндрөөс унасан байдалтай олдсон байхад 19:57 цаг орчимд буюу бараг цагийн дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байгаад эргэлзэж байна гэж АН-ын дэд дарга Х.Тэмүүжин хэллээ.

Ийнхүү АН-ын зүгээс хуулийн байгууллага төр нийгмийн өндөр албан тушаал хашиж байсан хүний амь насаа алдсан хэргийг үнэн зөвөөр шалгахыг хүслээ. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр “зүрхний шигдээсээр амь насаа алдсан, шатнаас унаж нас барсан” гэх худал мэдээлэл тараахгүй байхыг хүссэн юм.

Талийгаач Г.Батхүү нь:

  • 1996-1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яамны Зам тээврийн газрын дарга,
  • 1999-2000 онд Дэд бүтцийн хөгжлийн сайд,
  • 2002-2004 онд АПУ ХК гүйцэтгэх захирал,
  • 2004-2016 онд УИХ-ын гишүүн,
  • 2004-2006 онд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд,
  • 2008-2012 онд УИХ-ын дэд даргааар ажиллаж байжээ.