ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн цуваа хөвөрсөөр байна. ХХААХҮЯ-ны сайд Б.Батзоригийн эхнэрийн Тээвэр ачлал ХХК уг сангаас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан нь тогтоогдоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тэрээр өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх санал гаргасан юм.

Мөн Прокуророос уг асуудалтай холбогдсон гишүүдэд хэрэг үүсгэж, АТГ шалгаж байна. Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг Прокуророос ирүүлжээ.

Хуульд зааснаар прокуророос ирсэн саналыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой ба саналтай холбоотой асуудлыг МАН бүлэг маргааш хэлэлцэх гэнэ.

Сануулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, ХХААХҮ-ийн сайд  Б.Батзориг, УИХ-ын гишүүн Н.Учрал, А.Сүхбат, Н.Оюундарь, Ж.Энхбаяр нар болон тэдний хамаарал бүхий этгээдүүд ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан нь нотлогдоод байгаа юм.

МАН бүлэг эдгээр гишүүдийг зээлээ нэн даруй төлөхийг шаардсан ба одоогийн байдлаар Ж.Энхбаяр зээлээ төлсөн гэх мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ярилаа.

Иргэдийн хүртэх ёстой зээлийг дундаас нь “завшсан” гишүүдэд нэн даруй хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч болоод сөрөг хүчний зүгээс шаардаад буй.

Одоогоор хэнд хэрхэн хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа ч МАН-ын 65 гишүүн нэг нэгээрээ “хусагдсаар” 63 болох магадлалтай боллоо.