Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд нэг гэрийн хоёр иргэн учир битүүлгээр дараалан нас барсан хэрэг гарлаа.

Тус хоёр иргэн тарваган тахал туссан байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа ба одоогоор өвчилсөн болон нас барсан иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй байна.

Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглолоо.

Мөн ор үндэслэлгүй худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг олон нийтэд анхааруулжээ. Шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарах бөгөөд ард иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг зөвлөсөн байна.