Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр Цагааннуур тосгонд тарваган тахал өвчин гарсантай холбогдуулж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байсныг өчигдөр 20:00 цагаас эхлэн цуцаллаа.

Тус аймгийн Онцгой комисс, Зооноз өвчин судлалын үндэсний төв болон ХӨСҮТ-ийн удирдлагын баг өчигдөр хуралдаж, дээрх шийдвэрийг гаргажээ.

Хөл хорио тогтоосон хугацаанд тарваган тахлын шинж тэмдэг дахин илрээгүй бөгөөд дээрх бүртгэгдсэн тахлын нэгдүгээр хавьтлын 124 хүнийг антибиотик эмчилгээнд хамруулж, эмчийн хяналтад авчээ.

Иймээс хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг, зах, бар, ресторан болон орж гарах бүх хөдөлгөөн хэвийн үргэлжлэхээр боллоо.

Сануулахад, Цагааннуур тосгоны хоёр иргэн тарваган тахлын улмаас нар барсан бөгөөд өнгөрсөн сарын 30-аас эхлэн Цагааннуур тосгон, Өлгий сум, аймгийн Нэгдсэн эмнэлэгт  зургаан хоног хорио цээрийн дэглэм тогтоож, орж гарах бүх хөдөлгөөнийг болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байсан юм.