Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн зоонозын өвчин судлалын төв, Оросын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Уулын-Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станцын мэргэжилтнүүд тандалт судалгаа хийлээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумын хил орчмын нутагт тарваган тахлын байгалийн голомт байгаа эсэхийг судалсан байна.  Тандалт судалгаанд Сийлхэмийн хил дагуух тарваган тахлын голомттой 2678.4 кв.км газар, 104 айл өрх хамрагджээ.

Улмаар 565 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулснаас тарваган тахал өвчний 156 эерэг сорьц илэрчээ.

Цаашлаад эерэг сорьцод нян судлалын шинжилгээ хийж тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр 44 илэрч тарваган тахлын байгалийн голомтын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын өндөр эрсдэл үүсэх магадлалтайг тогтоосон байна.

Сонирхуулахад, Энэ сарын дөрөвний өдөр ХУД-т тарваган тахлын сэжиг найман настай хүүд илэрсэн юм.

Хүү тарваганы хоёр ширхэг түүхий давсаг залгисны дараа 38-39 хэм хүртэл халуурч, хүзүүний хоёр булчирхай томорсон зовууртайгаар эмнэлэгт хандсан байна. Улмаар хүүд яаралтай шинжилгээ хийхэд тарваган тахлын онош илрээгүй юм.

Иймд иргэд тарвага агнах, зарах зэрэг хуулиар хориотой үйлдлүүд хийхгүй байж, зэрлэг ан амьтны эд эрхтнийг түүхийгээр хэрэглэхгүй байж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хууль хяналтын болон эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд эдгээрийн 80 гаруй сум нь тахлын идэвхтэй бүсэд хамрагддаг байна.