Өглөөний 10:00 цагийн байдлаар Бөхийн өргөө орчмын агаар маш их бохирдолтой буюу 604 гэсэн үзүүлэлттэй байна.

Харин Баянхошууны агаарын чанарын үзүүлэлт 538, 100 айлынх 529 байгаа юм. Өөрөөр хэлбэл дээрх газруудын агаарын бохирдол аюулын хэмжээнд хүрсэн байна. Учир нь агаарын чанарын индекс 500-аас дээш буюу маш их бохирдолтой байгаа үед удаан хугацаагаар гадаа байх нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг.

Агаарын чанарыг индекс  нь 51-100 байх нь хэвийн боловч хэт мэдрэг хүмүүст сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж мэргэжилтнүүд хэллээ. Гэвч Улаанбаатарын аль ч дүүрэгт хэвийн үзүүлэлт байхгүй байгааг agaar.mn-с харж болно.

Нэг үгээр хэлбэл агаарын бохирдол их байх цагаар дээрх газруудад онц байдал зарлах хэмжээнд хүрчихээд байна гэсэн үг. Агаарын чанар 500-с дээш гарсан тохиолдолд иргэд гадаа биеийн хүч шаардсан ажил хийхээс татгалзаж гэртээ байх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

Мөн бага насны хүүхдийг нүүрстөрөгчийн дутуу ислийн эх үүсвэр буюу авто замаас хол алхуулах шаардлагатай гэнэ. Гэтэл агаарын бохирдлын оргил үе буюу аюултай хэмжээнд хүрсэн цагаар нийслэлчүүд замаа даган ажил, хичээлдээ, цэцэрлэгтээ яаран алхаж, гашуун утаанд хоолойгоо аргуулан явдаг.

Мэдээж мэргэжилтнүүдийн зөвлөснөөр иргэд зайлшгүй гарах шаардлагатай үед амны хаалт зүүх хэрэгтэй ч агаарын чанар аюултай хэмжээнд хүрсэн энэ үед гашуун утаа маскны шүүлтүүрийг нэвтрэн хоолой хорсгож байна.

Гэтэл иргэд нь маскныхаа цаана бачуурч байхад эрхэм дарга нар “Танай танхимын гишүүд ЖДҮ-чин, чи 60 тэрбумын хэрэгтэн огцор” гэх зэргээр сандал суудлаа булаалдсаар ухаан алга.

Дарга цэрэг гэлтгүй л бүгд угаартаж үхэх дөхсөн үед УИХ-ын зарим гишүүд “Утаатай тэмцэх нь Засгийн газрын ажил” хэмээн Төрийн ордноос хээвнэг хэлнэ лээ. Ямартай ч тэд сандал суудлынхаа асуудлыг нэг мөр болготол утааг анзаарахгүй гэдэг нь тодорхой болов.

Гэвч нэг зүйлийг сануулахад ес эхлэхээс өмнө аюултай хэмжээнээс давчихсан агаарын бохирдол идэр ес тачигнах үеэр хэдий хэмжээнд хүрэх бол...