Мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баяртай холбогдуулан хоёрдугаар сарын найман хүртэл болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хяналт шалгалтыг эхлүүллээ.

Энэ хүрээнд улсын байцаагчид хүнсний чанар стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эрчим хүчний хяналт, хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, худалдааны дараах объектуудад шалгалт явуулна. Үүнд,

  • Сар шинийн баярын хүнсний өргөтгөсөн худалдаа, экспо, зах худалдааны төвүүд, ил задгай худалдаа эрхлэгчид,
  • Золголтын арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газрууд,
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай, зориулалтын бус ажлын байранд айраг, ууц өвчүү, сүү, сүүн бүтээгдэхүүн болон түүхий мах, махан бүтээгдэхүүн болон бусад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалж буй газрууд,
  • Олон нийтийн барилга байгууламжийн лифт ашиглалт, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид хяналт шалгалт хийх юм.

Мөн иргэд худалдаа үйлчилгээ зэрэг зөрчилтэй холбоотой мэдээллийг 24 цагийн турш Нийслэлийн МХГ-ын 70128012 дугаарын утсанд өгч болох бөгөөд харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хандахыг албаныхан зөвлөлөө.

Түүнчлэн баяр ёслол дөхөж байгаатай холбоотой хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгаа учир цагдаагийн газраас сар шинэ- 2019 нэгдсэн арга хэмжээг өчигдрөөс эхлүүлж, албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн юм.