Зураг: Analiz.mn

Олон улсын томоохон мэдээний агентлаг Ройтерс сангийн сайд асан С.Баярцогт Рио Тинтогоос авилга авсан байж болзошгүй хэргийн тухай материалыг өнгөрсөн Даваа гарагт олонд ил болгосон.

С.Баярцогт хэлэхдээ тус мэдээг маш” субьектив” гээд, “хоёр л зүйл нь үнэн, хоёр тоо нь үнэн байсан” гэлээ.

Тэрээр Герман болон Америкт сураад Монголд ирэхдээ олон сая долларын төсөл хөтөлбөрүүдтэй ирсэн ба тэдгээр төслүүдийн мөнгө буюу зээлийн мөнгө байсан гэж тайлбарлалаа.

Мөн 2013 онд эдийн засгийн хямрал болж үүнээс үүдэн Монголын “хүн бүрийн сайн мэдэх” бизнесмен С.Баярцогт руу 8.2 сая еврог шилжүүлсэн гэлээ. Уг бизнесмений дансыг Швейцарийн холбооны шүүх хаагаад байгаа юм.

“Ямар ч хүн авлига авлаа гэхэд өөрийнхөө нэр дээрх хувийн дансандаа авахгүй биз дээ” хэмээн нэмж хэлсэн юм.

Мөн Монголын Авлигатай тэмцэх газар Швейцарийн шүүх байгууллагатай хамтарч ажиллаж байгаад баяртай байна гээд "хэрэв намайг буруутай гэж тогтоовол хариуцлагаа хүлээхэд бэлэн" гэв.

Рио Тинтотой хийсэн Оюу Толгойн гэрээний хувьд төслийг унагах зорилготой гадны улсын оролцоо байх магадлалтай гэлээ. Учир нь Ройтерс агентлагийн мэдээ олонд ил болсны дараа Нью-Йоркийн бирж дээр Рио Тинтогийн хувьцааны үнэ буурсан байна.

"Монголын хамгийн том төсөл Оюу Толгой 70-100 жилийн настай, улсын эдийн засгийг бүрдүүлэгч том төсөл учир төслийг удирдсан намайг хардах эрх хүн бүрд бий. Гэхдээ энэ удаан настай төслийг зогсоох, хамтрагчийн солих гэсэн оролдлого гадны улс орнуудад үргэлж байдаг” гэв.

Харин 2013 онд олонд ил болсон түүний нэр дээрх Швейцарийн банкан дахь нэг сая доллараа хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй нь"миний буруу, одоо надад нэг ч данс байхгүй” гэсэн юм.

С.Баярцогт 27 жил гарангийн хугацаанд Ардчилсан намын гишүүн болон удирдах албан тушаал хашиж байсан ба өчигдөр тус нам түүнийг намын гишүүнчлэлээс хассан. Харин үүнийг С.Баярцогт “эмгэнэлтэй шийдвэр” гэв.

Сануулбал, Швейцарийн холбооны шүүх С.Баярцогт руу мөнгө шилжүүлсэн хэд хэдэн швейцарийн банкны дансыг хаагаад байгаа бөгөөд тэдний мэдэгдэж байгаагаар С.Баярцогтын данс руу 8.2 сая евро мөн 10 сая доллар шилжүүлсэн зэрэг нь авлига болон мөнгө угаах гэмт хэргийн хэлбэр байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Энэ тухайд Англи-Австралийн томоохон уул уурхайн компани, Оюу Толгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто мэдээлэл хийгээгүй хэвээр байна.