Үүнтэй холбогдуулж АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс С.Баярцогтын данс руу 8.2 сая евро шилжсэн хэрэгт эрүү үүсгэхээр Швейцар улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Мөн түүнтэй холбоотой нэр бүхий хүмүүсийг их хэмжээний мөнгө завшиж, Швейцарын банканд байршуулсныг холбогдох албаны хүмүүс илрүүлж, хэрэг үүсгэн шалгасан.

“Би Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Надтай холбоотой тендер, авлигын асуудал нэг ч тавигдаж байгаагүй. Оюутолгойн гэрээ бол ихээхэн зориг шаардсан ажил байсан. Тухайн үед хэн ч хийж чадаагүй. Дөрөв, таван Засгийн газар дамжин яригдаж, гурван УИХ-р яригдсан. Царцаагдсан гэх Щвейцарын данс бол 10 жилийн өмнө надад тусалж байсан бизнесмен хүний данс” гэж С.Баярцогт мэдэгдэж байв.

Гэвч С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, 'Эрдэнэс Монгол' ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хорих шийдвэрийг энэ сарын эхэнд гаргасан.

Тэднийг цагдан хорих хугацаа маргааш дуусч буй бөгөөд урьдчилан хоригдсон гурав хоногийг тооцож оруулжээ. Одоогийн байдлаар С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал прокуророос ирсэн аж. Харин Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсангийн хорих шийдвэр ирээгүй байна.

Маргааш буюу буюу Тавдугаар сарын нэгний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх хурал 09.30 цагаас товлогдсон байна.