Сүүлийн үед ЖДҮ-ийн сангаас олгодог хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компанид сонгон шалгаруулалтгүй олгосон явдал олонд ил болоод байгаа юм.

Тэгвэл Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮ эрхлэгчдийн дунд “мөрөөдлийн” гэгддэг уг зээлийг будлиантуулсан албан тушаалтнууд болон уг төслийг сонгон шалгаруулах хорооныхонд хариуцлага тооцож, өнгөрсөн таван жилийн хугацаанд ЖДҮ-ийн зээлийн төсөл шалгаруулалтад хөндлөнгийн аудит хийлгэн үр дүнг олон нийтэд мэдээлэх, төсөл сонгон шалгаруулах журмыг яаралтай шинэчлэх ггэсэн дөрвөн үндэслэл бүхий шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Түүнчлэн зээлийг шалгуургүй олгож, ашиг сонирхлын зөрчилтэйгөөр зээл авсан хэрэгт холбогдоод буй ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг тэргүүтэй улс төрчид, ЖДҮ-ийн зээл сонгон шалгаруулах хорооны албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулна гэлээ.

Чуулганаар ЖДҮ-ий дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж буй энэ цагт тус холбооноос саналаа оруулах, засах ёстой хуулийн заалтууд бий гэдгийг ч санууллаа. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг үндэсний үйлдвэрлэл дэмжигчдээс худалдан авах санал гаргасан байна.

Харин ЖДҮ-ийн зээлтэй холбоотой шуугиан дунд тус хуульд буй бичил үйлдвэрлэл гэдгийг хасаж ХНХЯ-ны хөдөлмөр эрхлэх сан руу шилжүүлж байгааг эсэргүүцсэн юм.

Манай улсад 800 мянга гаруй ЖДҮ эрхлэгчид бий гэсэн тоо мэдээлэл бий. Харин үүний 80 гаруй хувь нь буюу 600 орчим мянга нь бичил бизнес эрхлэгчид гэдгийг Баялаг бүтээгчдийн холбооноос хэллээ. Хэрэв ЖДҮ-ийн тухай хуулиас бичил үйлдвэрлэлийг хасвал ЖДҮ хөгжих  боломжгүй болно гэж тэд үзлээ.

Мөн тус хуулийн 5.3-т ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулахдаа тухайн компанийн хэчнээн хэмжээний орлого олдгийг бус ажилтны тоог харгалзан үзэх тухай заалт байгаа нь 60 тэрбумын орлого олдог таван ажилтантай сайд дарга нарын хамаатны компани тус сангийн хөнгөлөлттэй зээлийг тэрбумаар нь авах үндэслэл болж байгааг хэллээ.

Ялангуяа ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулах хороонд олон нийтийн төлөөлөл бараг байхгүй гэдгийг тэд учирлаж байсан юм. Үүний улмаас эрх мэдэлтэн, албан тушаалтны төсөл шалгуургүйгээр 14 хоногт бүтдэг, харин ЖДҮ эрхлэгчдэд мөрөөдлийн гэгдэх шалтгаан болж байгаа гэнэ.

Тиймээс одоо хэлэлцэгдэж буй хуульд дээрх зүйл заалт, төсөл сонгон шалгаруулах журам зэргийг өөрчлөх санал гаргаж байгаа гэдгээ Баялаг бүтээгчдийн холбооноос мэдэгдлээ.