Зураг: mmhi.gov.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохиодог “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал боллоо.

Хурлын эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд баялгийн сантай байдаг. Манай улсад Баялгийн сан нь халамжийн сан болсон түүх олон байдаг. Хуримтлал гэдэг бол халамжийн бодлого биш” гэлээ.

Олон улсын зах зээлд нүүрс, зэсийн үнэ өсөж байгааг овсгоотой ашиглаж, Баялгийн санг бүтээхээр зорьж байгаа юм байна.

Тиймээс Баялгийн санг энэ ондоо эхлүүлж, “Эрдэнэс Монгол” дээр байгаа 16 стратегийн ордод суурилсан ААН-ийг нэгтгэх нь ажлыг нэн түрүүнд эхлүүлэх гэнэ. Үүнээс гадна Баялгийн санг улс төрөөс хараат бус, тогтвортой байлгахад анхаарч гадны мэргэжлийн багийг ажиллуулах юм байна.

Мөн Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай санаачлан, УИХ өргөн барихаар хэд хэдэн улсын туршлагыг судалсан гэдгээ онцолсон юм. Баялгийн сангийн гол зорилго нь уул уурхайгаас олсон орлогоо ирээдүйн өв сан болгож үлдээх аж.

Анх Баялгийн сан буюу ирээдүй өв сангийн тухай хуулийн төслийг 2014 онд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан боловсруулсан юм. Тухайн үеийн Сангийн яам тооцоолохдоо, 2030 он гэхэд Баялгийн санд 46 орчим их наяд төгрөг хуримтлуулна гэж байжээ. Гэтэл одоогийн байдлаар уг санд 400 орчим тэрбум төгрөг байгаа юм.