Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Тодруулбал, М.Болортуяа, Ц.Энхтунгалаг, Д.Ганбаатар, Ж.Бурмаа, Д.Баярсайхан, Б.Цэндсүрэн, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар, Сун Гуан Чин нарын яллагдагч нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ.

Харин З.Баянсэлэнгэд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан ба өмнөх шүүх хуралд ирүүлсэн өмгөөлөгч авах хүсэлтийг нь хүлээн авч, шүүх хуралдааныг сар гаруй хугацаагаар хойшлуулсан байна. 

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах байхдаа Бэрэн группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан юм. 

Улмаар СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төрд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, 19.2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.

Харин улсад учруулсан 972.4 сая төгрөгийн хохирлыг Бэрэн группээс гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Гэвч уг шийдвэрт Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл гаргаснаар хэрэг анхан шатны шүүх рүү буцаж, З.Баянсэлэнгэ ч торгууль төлөхөөс татгалзсан байдаг.