ОБЕГ-аас баяр наадмын амралтын өдрүүдэд тохиолдсон гамшиг ослын талаар мэдээлэл хийлээ. Тус газрын албан хаагчид энэ сарын 11-16 хооронд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм.

Баяр наадмын тав хоногийн амралтын хугацаанд 15 хүн гол усанд живж амь насаа алджээ. Амь насаа алдсан хүмүүсийн 12 нь том хүн, гурав нь бага насны хүүхэд байна. Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, гол мөрний усны түвшин нэмэгдэж, зарим голууд үерлэсэн байгаа юм. 

Иргэд гол усны дэргэд амарч зугаалахдаа хүүхдээ хараа хяналтгүй орхих, хүүхдүүд хийлдэг гудсаар голын ус руу орох зэргээс үүдэн осол гарч байгааг албаныхан хэллээ. Мөн иргэд голын усанд машинаа угаах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орох зэргээс үүдэн амь насаа алдах тохиолдлууд гарсан байна.

Баяр наадмын өдрүүдэд Онцгой байдал, цагдаагийн албан хаагчид нийслэлийн ойролцоох гол дагуу завьт болон морьт эргүүл ажиллуулсан бөгөөд энэ хугацаанд завьт эргүүлүүд есөн хүний амь насыг авран хамгаалжээ.

Түүнчлэн 7, 8-р сард хэт халалтын улмаас ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд гол усны ослоос сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. 

Үүнээс гадна наадмын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумд хэт хуурайшсанаас долоон удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Өнөөдрийн байдлаар Ерөө сумд дөрөв, Мандал болон Алтанбулагт тус бүр нэг түймэр ассан байдалтай байгаа юм.

Дээрх түймрийн голомтод ОБЕГ-ын 101 албан хаагч Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба хаагчид нэмэлтээр ажиллаж байгаа ба тав дахь өдрөө түймрийг унтраахаар ажиллаж байна.