Улсын хэмжээнд 4.028 офицер, 5.397 цагдаа, 685 сонсогч иргэдийн амгалан тайван байдлыг хангаж үүрэг гүйцэтгэсэн байна. Баярын өдрүүдэд 8.158 гэмт хэрэг зөрчлийн, 1.110 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хүлээн авчээ. Гэр бүлийн хүчирхийллийн 960 дуудлагыг хуулийн дагуу шийдвэрлэж, 25 хүнийг түр хамгаалах байранд байрлуулжээ.

Мөн зөрчил гаргасан 7.286 хүнийг 239 сая төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 262 жолоочийг илрүүлсэн байна.

Харин зам тээврийн осол, зөрчлийн талаарх 892 дуудлага хүлээн авснаас 306 зам тээврийн ослыг бүртгэгджээ. Ийнхүү зам тээврийн ослын улмаас таван хүний амь нас хохирч, 35 хүн бэртэл, гэмтэл авсан байна.

Нас барсан хүмүүсийн гурав нь явган зорчигч, нэг нь жолооч, нэг нь машинаар зорчиж явсан хүн байгаа юм. Эдгээр ослын 60 хувь нь орон нутгийн замд онхолдох хэлбэрээр гарчээ. Үүнээс гадна архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гурван хүн амь насаа алдсан байна.

Сануулбал, албан байгууллагуудын шинэ жилтэй холбоотойгоор 13 хүн архинд хордон нас барсан юм. Мөн долоон хүн архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгож амь насаа алджээ.