МХЕГ-аас Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг Баярсгоулд компанид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани ТЭЗҮ-ийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчны менежентийн төлөвлөгөөнд заагдсан ажлыг хугацаанд нь хийгээгүй байна. 

Мөн уурхайн хажуу, догол, овоолгуудад гарч болох нурлыг илрүүлэх үзлэг хийдэггүй, дотоод хяналт шалгалт зохион байгуулах журамгүй, дотоод хяналтын ажилтангүй зэрэг зөрчил илэрчээ. Иймд тус компаний үйл ажиллагааг энэ сарын 19-нөөс эхлэн түр зогсоож, гурван экскаватор, алт угаах хоёр төхөөрөмжийг битүүмжилсэн байна.

Үүнээс гадна Уянга суманд үйл ажиллагаа явуулж байсан Аум Алт компаний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд уурхайг байнгын ашиглалтад хүлээж авах комиссын актгүйгээр олборлолт явуулсан, гүний усыг баталгаажсан тоолуургүйгээр ашигласан байжээ. Тиймээс үйл ажиллагааг нь улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоосон байна.

Сануулбал, энэ сарын 10-нд мэргэжлийн байгууллагууд хамтран Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж бу​й ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн юм. Улмаар хууль зөрчсөн 63 ААН, 87 иргэний үйл ажиллагааг зогсоосон байна.