УИХ-ын чуулган 09:40 цагт эхэлж, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Ганзоригийг Цэцийн гишүүнээс чөлөөлж, оронд нь Г.Баясгаланг 78.3 хувийн саналаар томиллоо.

Гишүүдийн зүгээс Үндсэн хуулиа мөрдөж ажиллахыг захиж, Цэцэд өөрчлөлт хийхийг сануулсан юм.

Мөн сөрөг хүчний төлөөлөл УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгааг шүүмжиллээ. Тэрээр Цэц улс төрийн захиалгаар шийдвэр гаргадаг болсныг эсэргүүцэж, Монголын төрийг хуульгүй болгоход Үндсэн хуулийн цэц маш том хувь нэмэр оруулж байгаа гэсэн юм.

Тиймээс Цэц өөрөө хууль зөрчдөг асуудлыг онцгой анхаарч ажиллахыг Г.Баясгаланд захилаа.

Г.Баясгалангийн товч намтар:

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1981 онд Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
  • 1986 онд Оросын Москвагийн их сургууль
  • 1998 онд Энэтхэгийн Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр зэрэгтэй. Орос, Англи хэлтэй.

Ажилласан байдал:

  • 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,
  • 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх,
  • 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
  • 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2012-2014 онд Партнерс форэвэр ХХК-ын захирал,
  • 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөх,
  • 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.