Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос салбарын хэмжээнд мөрдөх ёс зүйн дүрмийг баталлаа.

Тус холбооноос салбарын хэмжээнд баримтлах ёс зүйн дүрэмтэй байх нь зарчмуудыг тодорхой болгох, мэргэжлийн байгууллагын стандартыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрсдэлийн түвшнийг бууруулах, хөрөнгө оруулагч, харилцагчдын итгэлийг нэмэгдүүлэх, цаашлаад салбарын нэр хүндэд эерэгээр нөлөөлөх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзжээ.

Мөн уг ёс зүйн дүрэмдээ салбарын мэргэжлийн оролцогчдын баримтлах үнэт зүйлсийг тодорхойлж, ББСБ-ын үйл ажиллагаанд мөрдөх зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоож өгчээ.

Түүнчлэн салбарын ажилтнуудын харилцааны соёл, үнэнч шударга байх, авлига, хээл хахуулиас ангид байх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах, санал, гомдлыг шийдвэрлэх механизмыг сайжруулах зэрэг асуудлуудыг тусгасан байна.

СЗХ-оос мэдээлснээр энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байна. ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ мөн улирлын байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 32.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.