Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хурцаар тулгамдаж байна. Магадгүй та энэ үгийг байнга сонсдог байх. Хэн нэгэн чанга дуугаар хэлсэн ч байж мэдэх.

Нэг ёсондоо амны уншлага мэт болсон энэ өгүүлбэр ёстой байж л байдаг, санамсаргүй унадаг сул үг мэт л чихэнд дөжирчхөж. Гэвч энэ дунд хариулт, шийдэл хайсан, өнөөх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй гол асуудал барагтай л үл яригдана. 

Ер нь нийгэмд хөгжлийн бэрхшээл гэх дуусашгүй сэдэв бий болчхож. Харин хөгжлийн бэрхшээл гэж яг юу вэ? гэдгийг ойлгох хүн бараг алга. Магад би өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж яг ямар хүн бэ? гэх асуултад бусдын л адил хараагүй, тэргэнцэртэй, ямар нэг өвчтэй зовлонтой хүн хэмээн хариулах байсан биз. 

Харин энэ бодлыг минь нэгэн залуу тас цавчиж орхисон юм. Магадгүй энэ нийтлэлийг уншвал та ч бас буруу ойлголттой явснаа анзаарах буй. Ингээд нийтлэлийнхээ гол баатрыг танилцуулъя. Түүнийг Ц.Мөнхтулга гэдэг. Өдгөө 30 настай. Төрөхдөө эмчийн алдаанаас үүдэн тархины саажилттай болж, хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх болжээ. 

Магадгүй түүнийг БСШУСЯ-ны сайдаас ажил горилж бичсэн ил захидлаар нь зарим нэг уншигч мэдэх биз. Энэ шалтгаанаар түүнээс ярилцлага авахаар тохирч уулзах завшаан тохиолдсон нь энэ юм. 

Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлүүлэх тун дургүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэх ойлголтыг үзэн яддаг. Нэг ёсондоо хөгжлийн бэрхшээлтэй гэж цоллоод, давшгүй хана хэрэм босгож, түүн дотроо хүн сүрэг үүсгэчихсэн өнөөгийн нийгмийн ойлголт, хандлагыг үзэн яддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй асуудлын талаар түүнээс лавлахад,

“Тархины саа, хэлний бэрхшээл, оюуны хомстол байж л байсан. Байж л байг. Харин ийм өвчтэй хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэн гэж бүлэглэдэг сэтгэлгээ л сөнөх ёстой. Энэ сэтгэлгээнээс болоод хөгжлийн бэрхшээл гэсэн тодотголтой нийгмийн нэгээхэн хэсэг маань бөөгнөрч цуглараад нийгмийн оролцоогоо өөрсдөө хаачихсан. Тэгсэн атлаа нийгмийн оролцоо, эрх нэхдэг нь утгагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх тодотголтой овог аймаг шиг зүйл үүсчихсэн. Харин үүнийг онцлоод байвал хөгжлийн бэрхшээл байсаар байх болно. Хүн нийгэмд эрх мэдэл, эд хөрөнгө, чадал чансаагаараа ялгарч болно. Харин гагцхүү чи хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй гэж ялгаж болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж байхгүй” хэмээн Ц.Мөнхтулга хариулсан нь намайг дахиж ийм зүйл асуух зориггүй болгож орхисон юм. 

“Чи хөгжлийн бэрхшээлтэй” гэх нийгмийн ондоочлох хандлагыг тэрээр өөрийн биеэр туулж, амсаж ирсэн учир хөгжлийн бэрхшээлтэй гэж дуудуулах, энэ үгтэй хамт орших дургүй гэх хатуухан байр суурьтай байдаг байна.

Тэрээр Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийг 2011 онд дүүргэн улмаар ЭЕШ өгч СУИС-ийн Номын сан мэдээллийн ажилтны ангийг сонгон суралцаж 2015 онд төгссөн байна. Арван жилд байхдаа тэрээр зарим ерөнхий мэдлэгээ бие даан суралцаж, их сургуульд байхдаа илтгэл, эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайн дурын ТББ-д ажиллаж байжээ.

Мөн сургуулиа төгсөөд нэг ТББ-д сайн дурын номын санч хийсэн ч нэг хэвийн ажил өдөр болгон хийж байсан учир үүнээс илүүг хийхийг хүсэж ажлаасаа гарч Монголын тархины сааны холбоонд саяхныг хүртэл сайн дураараа ажилласан байна. Энэ бүх хугацаанд тэрээр чухам хөгжлийн бэрхшээл гэж юу вэ, юу хамгийн том саад тотгор болж байгааг ойлгож мэдэрчээ. Image result for disabled alone

“Энэ бүхэн намайг улам бүр хөгжлийн бэрхшээлтэн болгож байх шиг санагдсан. Миний орчин тойронд Хөгжлийн бэрхшээлтнүүд цуглардаг, нийлдэг эсвэл тэдэнд тусалдаг, буянтан болж харагдах гэсэн хандлагууд ажиглагдсан. Төр засаг ч тэр халамжилна, хамгаална, өгнө, даана, ажил олгоно, боловсролын хүртээмжийг сайжруулна гэх ч юу ч байдаггүй шоу маягийн юм хийдэг. Одоо бол цуглуулж тавиад, оёдол, мужаан, нарийн боовхон хийлгэснээ хөдөлмөр эрхлүүлчихлээ гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуульд хүртэл ийм хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэнэ, тийм эрх эдэлнэ гээд заачихсан. Энэ бол ялгаварлан гадуурхалт. Харин бидний жинхэнэ хүсэл мөрөөдөл, хийж бүтээх, нийгэмд оролцох гэсэн хандлагыг хайхардаггүй. Ажил олгогчид ч мөн адил чамд таарах ийм л ажил байна хийвэл хий гэнэ. Зарим нь эргээд холбогдъё гэхээс өөр хариу хэлдэггүй. Энэ бүхэн надад утгагүй санагдсан, Би зүгээр л бусад хүн шиг байхыг хүссэн” хэмээн тэр өөрийн бухимдлаа илэрхийлсэн юм. 

Өнөөдөр гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй хүний ганц нэг зам, шат тавихаас илүүтэй нийгмийн хандлагыг өөрчилж, тэдэнд нөмөргөсөн хөгжлийн бэрхшээл гэх тодотголыг арилгаж, бусадтай адил хөдөлмөрлөж, суралцаж, өрсөлдөх нөхцөлийг хангах нь чухал гэдгийг ойлгуулах нь Ц.Мөнхтулгын цаад санаа. Мөн “Би хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн гэрийнхээ мухарт сэтгэлийнхээ шоронд сууж буй мянга мянган хүнийг сэрээж, нийгэмдээ нэг ч гэсэн лаа асаах явдал.

Түүний хэлснээр хөгжлийн бэрхшээл гэж ярих тусам энэ сэдэв байсаар байх болно. Энэ хэрээр тэднийг улам бүр тусгаарлаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулагдсан тэднийг тусгаарласан ТББ, төр засгийн бодлого агентлагууд байгуулагдсаар байна. Эцэстээ энэ арга нь өөрөө буруудаж мухардалд орно, дахиад л үргэлжилнэ. 

Магадгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэртээ байдаг, тэд явж чаддаггүй, тэд нийгмийн харилцаанд оролцдоггүй бусдаас өөр гэх ондоочлох үзэл нийгэмд бугшсан учир өнөөдөр тэдэн зориулсан зам харгуй, дэд бүтэц байдаггүй биз. Ингээд үзэхээр тэд биш бид хөгжлийн бэрхшээлд түгжигдчихсэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаггүй хэмээн Ц.Мөнхтулга шиг нийгмээрээ дуугарч чадсан цагт сая хөгжлийн бэрхшээл арилна. Тэд нийгэмд оролцож, ингэхийн хэрээр яг л түүн шиг үзэл бодлоо илэрхийлж, дуугарч, ажиллаж, амьдарч “Бид жирийн хүн шүү” гэдгээ зарлан тунхаглана. Харин үр дүнд нь тэдэн зориулсан шат, зам аяндаа өөрөө тавигдаж, хөгжлийн бэрхшээл гэх нийгмийн гав дөнгө тайлагдах буй.

Хөгжлийн бэрхшээлтэй нийгмийг хүний нүдээр харж яваа Ц.Мөнхтулга гэх энэ залууд том мөрөөдөл бий. Тэрээр шүлэг уран зохиолд үнэнхүү дуртай нэгэн. Мөн өөрөө шүлэг яруу найраг бичиж, дөрвөн ч ном хэвлүүлжээ. Түүний хамгийн том зорилго бол Жамухын тухай түүхэн роман бичих. Харин энэ романдаа Жамух үхээгүй тухай бичнэ хэмээн нууцаасаа цухас дурдсан юм. 

Тэрээр анхны шүлгийн номоо Зүрхэнд унасан нулимс нэртэйгээр 18 насандаа хэвлүүлжээ. Түүний хүүхэд нас тийм ч сайхан байгаагүй, сайн эцэг эхийн буянд сайхан амьдарч байсан ч нийгэм хог шиг байсан учир ийнхүү эмзэглэлээ бүтээлдээ шингээжээ. Дараа нь Ээждээ л зориулъя, Эр хүмүүн танаа, Нууцлаг хүмүүний нулимс зэрэг шүлгийн түүврээ хэвлүүлсэн байна. Харин одоогоор эртний хүмүүсийн хэрхэн гал олсон тухай хүүхдийн тууж бичиж байгаа ба зохиол нь 50 хувьтай байгаа тул дуусгаад удахгүй хэвлүүлнэ гэдгээ хэлсэн юм. 

“Би хөгжлийн бэрхшээлтэй байж шүлэг бичээгүй, шүлэглэх чадвартай байж л бичсэн хэрэг. Яг үүн шиг бусад хүн хөгжлийн бэрхшээлтэй болохоороо амьдарч буй хэрэг биш. Хүн учраас амьдарч байгаа юм” хэмээн Ц.Мөнхтулга хэлсэн юм. Харин одоо та хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? хаана оршиж байна вэ гэдгийг өөрөөсөө дахин нэг удаа асуугаад үзээрэй.