Хүүхдийн эсрэг гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг хоёр дүүрэгт Би хүүхэд хамгаалагч төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тодруулбал, СХД-ийн 18 дугаар хороо, БЗД-ийн тавдугаар хороонд хүүхэд бүрийн гэрээс сургууль, сургуулиас гэр хүртэлх замд иргэд эргүүлд гарч байгаа юм.

Учир нь, эдгээр дүүрэгт хүүхэд хичээлдээ явах, тарах цагаар гэмт хэргийн гаралт их болдог байна. Цагдаагийн газарт бүртгэгдсэн гэмт хэргийн статистикаас үзэхэд хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо сүүлийн гурван жил өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Ялангуяа БЗД болон СХД-т 2017, 2018 онд 264 хүүхэд алга болсноос 258 хүүхдийг олж асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бол зургаан хүүхэд одоог хүртэл олдоогүй эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа гэнэ.

Тиймээс дээрх төслийг эхлүүлэн хүүхдийг эрсдэлээс сэргийлж, цаашид бүх хороодод хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.