УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр мэдэгдэл хийж Сангийн сайд сасан С.Баярцогтын оффшор дансны гүйлгээний хуулгыг Швейцар улсаас Монголын талд өгсөн гэж мэдээлсэн юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор С.Баярцогт мэдээлэл хийлээ. Тэрээр “Т.Аюурсайхан гишүүний хэлээд байгаа материалыг би хоёр сарын өмнө АТГ-т өөрөө өгсөн” гэлээ.

Тодруулбал, Швейцар улсаас түүний оффшор гэгдэж буй данстай холбоотой мэдээллийг Монголын талд өгөхийн өмнө өмгөөлөгчөөр нь дамжуулж, түүнд 700 гаруй хуудас баримт илгээсэн байна.

Харин Т.Аюурсайхан гишүүний Швейцараас авчирсан гэх энэ баримт нь дээрх 700 хуудас материал буюу айлчлалын хүрээнд одоо л дипломат шугамаар АТГ-т ирж байгаа гэнэ.

Мөн С.Баярцогт “Швейцарт данс нээсэн, гүйлгээ хийсэн нь ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй. 2013 онд энэ хэрэг гарч байхад хөрөнгө орлогын мэдүүлэгтэй мэдүүлээгүйгээс үүдэн ийм асуудал үүссэн. Тиймээс тухайн үед ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгсөн” гэж мэдэгдлээ.

Үүнээс гадна түүний холбогдон шалгагдаж буй Оюутолгойн гэрээний асуудлыг тодруулахад уг асуудалтай холбоотой таван бүлэг шинжээчид гарсан байна. Одоогоор ганц ч дүгнэлт гараагүй байгаа бөгөөд дүгнэлт гарсны дараа дахин дуудах байх гэлээ.