ХУД-ийн 11-р хороо буюу Богд уулын Богинын аманд өнөөдөр өглөө 10:00 цаг орчмын үед түймэр гарлаа.

Уг түймрийг унтраахаар нийслэлийн зургаан дүүргийн гал унтраах ангийн 100 орчим гал сөнөөгчид ажиллаж, 13:00 цаг орчмын үед цурманд оруулан унтраажээ.

Богинын аманд гарсан түймэр өнжмөл шар өвс шатаж байгаад мод руугаа орсон бөгөөд Онцгой байдлын албан хаагчид тархалтыг зогсоож одоогоор голомтод байгаа цог, очыг бүрэн унтрааж, дахин түймэр гарахаас сэргийлэн ажиллаж байна.

Албаныхны мэдээлснээр ойролцоогоор 5-6 га газар шатсан бөгөөд одоогоор галын шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй байна.

Түүнчлэн хаврын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хуурайшилт их байгаагаас үүдэн Богд ууланд түймэр гарах эрсдэл өндөр байгааг НОБГ-аас анхаарууллаа.

Иймд иргэд аль болох ууланд зорчихгүй байх, ууланд гарах, амарч зугаалахдаа шүдэнз, тамхи асаахгүй байх, ил гал түлэхгүй байхыг анхаарууллаа.