Майкрософт компаний үүсгэн байгуулагч Билл Гэйтс дэлхийн хоёр дахь баян хүн хэдий ч түүнд одоог хүртэл харамсаж явдаг зүйл бий гэнэ. Тэрээр энэ талаар Village Global компаний үйл ажиллагааны үеэр ярихдаа, “Гүүглээс түрүүлж iOS-тэй өрсөлдөх үйлдлийн систем бүтээгээгүй нь миний Майкрософтыг удирдаж байхдаа хийсэн хамгийн том алдаа байсан. Манай компанид үйлдлийн систем бүтээх бүрэн боломж байсан” гэжээ. 

Түүний хэлснээр iOS-тэй нэг л компани өрсөлдөх байсан ба хэрэв Майкрософт үйлдлийн систем бүтээсэн бол өдийд технологийн салбарыг тэргүүлэх байсан гэнэ. Гэсэн ч Майкрософт компани өдгөө нэг триллион долларын зах зээлийн үнэлгээтэй бол Apple 918 тэрбум доллар, Гүүглийг эзэмшдэг Алпабет 776 тэрбум доллараар үнэлэгддэг байна. 

Apple компани 2007 оны зургадугаар сарын 29-нд анхны iOS үйлдлийн системтэй iPhone утсаа худалдаанд гаргасан юм. Харин Гүүгл 2005 онд андройд үйлдлийн системийг худалдан авч 2008 оны есдүгээр сард анхны андройд гар утсаа танилцуулжээ. 

Эх сурвалж: CNN, CNBC