Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн анхны тохиолдол 1999 онд бүртгэгдсэн ба жилд дунджаар 50 орчим хүн хүний наймааны хохирогч болдог байна. 

Тиймээс бэлгийн мөлжлөгийн хохирогчдод удаан хугацааны үйлчилгээ үзүүлдэг Талита Ази ТББ-ын санаачлагч Б.Цэрэнчунттай ярилцлаа. Тус байгууллага нь 2013 онд биеэ үнэлэгчдийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорьдог 111 гэх түр саатуулах байрнаас ажлаа эхэлж байжээ. Талита Ази нь байгуулагдсан цагаасаа одоог хүртэл хүний наймааны хохирогч болсон зургаан хүнд тусламж үзүүлж байгаа ба нэг хохирогчид хамгийн багадаа 12 сараас дээш хугацаанд сэтгэл заслын эмчилгээ хийдэг байна.  

Өнөөгийн нийгэмд хүний наймаа тэр дундаа бэлгийн мөлжлөг ямар түвшинд байна вэ? 

Гамшгийн хэмжээнд хүрсэн. Хэн нэгний ядуу, ажилгүй, мөнгө олох хүсэл зэрэг сул талыг  ашиглаж нэг хүнийг нөгөөд зарж байна. Монголд энэ төрлийн гэмт хэрэг өдөр бүр үйлдэгдэж байна. Гэтэл хүмүүс хүчээр биеийг нь үнэлүүлж байгааг хүний наймаа гэж хардаггүй. Улаанбаатар зочид буудал, Хөдөө аж ахуйн буудал, Саппоро гээд бидний нүдэн дээр хүний наймаа үйлдэгдэж байна. Харин гадны улсад гэвэл Хятад, Туркэд хүчээр биеийг нь үнэлүүлж, Солонгост хүчээр гэрлүүлж байна. 

Бэлгийн мөлжлөгийн хохирогчдын дунд насанд хүрээгүй хүүхэд хэр их байна вэ?

Зөндөө. 12, 14-тэй охидууд маш их байна. Насанд хүрээгүй хүүхдүүд голдуу хүнд олзлогддог. Манайд хандсан нэг хохирогч таксинд явж байгаад найзтайгаа “Яаж мөнгө олох уу, мөнгө хэрэгтэй байна” гээд ярьсан чинь таксины жолооч “Би та 2-т мөнгө олох арга зааж өгье” гээд биеийг нь үнэлүүлдэг хүмүүс дээр дагуулж очсон байсан. Мөн хамаатныхаа хүнд хүчиндүүлснээсээ болж гэр орноосоо дайжиж, гадуур тэнэж яваад бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон тохиолдлууд элбэг байна. Бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон охидын 90 хувь нь бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Бэлгийн хүчирхийлэл нь тухайн хүний өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө барих чадварыг хянадаг тархийг гэмтээчихдэг. Үүнээс болж бэлгийн мөлжлөгийн хохирогчид бусад хүнд донтчихсон юм шиг харагддаг. Энэ төрлийн сэтгэлзүйн гэмтлийн үр дагавар клиник болдог. Архи их хэрэглэхээр элэг гэмтдэгтэй яг ижил. Бэлгийн мөлжлөгт өртсөн охидод “Тэртээ тэргүй намайг бузарлачихсан юм чинь би одоо яах нь хамаагүй” гэх бодол суучихсан байдаг. 

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчийг яаж илрүүлдэг вэ? Биеэ үнэлж байгаа хүн бүхэн бэлгийн мөлжлөгийн хохирогч мөн үү? 

Мөн. Гэхдээ өөрөө хохирогч гэдгээ мэддэггүй. Ийм хүмүүс анх яагаад биеэ үнэлэх зам руу орсноо ч мэдэхгүй байгаа. Харин ярилцаад хохирогч гэдгийг нь ойлгуулбал асар их сэтгэл санааны хямралд орно. Сайн дураараа биеэ үнэлдэг гэж байгаа хүмүүс “Би одоо ийм юмтай болоод л болино” гэж боддог. Гэвч хүссэндээ хүрэхэд аль хэдийн больж чадахгүй болсон байдаг. Ингэж явсаар сүүлдээ өөрөө зардаг болох тохиолдол элбэг. Биеэ үнэлэлт буруу гэдгийг мэдэж байгаа хэрнээ сэтгэл заслын эмчилгээг удаан хугацаанд авахгүй болохоор өөрөө охидыг зарж эхэлдэг. 

Хохирогчдыг янз бүрийн л арга замаар илрүүлнэ. Өөрсдөө бидэнтэй холбоо барьсан хоёр тохиолдол байна. Бусад нь цагдаа, ТЕГ, дүүргийн гэр бүл хөгжлийн газар, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-аар дамжуулж холбогддог. Эцэг эхийн анхаарал халамж муу, гэр бүл тогтворгүй, өрх толгойлсон эмэгтэй хүмүүс голдуу бэлгийн мөлжлөгийн хохирогч болдог. Харин гадаадад худалдаалагдсан хохирогчдын дийлэнх нь ажил хийнэ гэж очоод бэлгийн мөлжлөгт өртдөг юм. 

Бэлгийн мөлжлөгийн хохирогч болоод нэг хүний эрхшээлд орлоо гэхэд зугтах, өөрийн хүсэлтээр болих боломж байдаггүй юу? 

Бараг л боломжгүй. Нүцгэн зургийг нь авна, бичлэг хийнэ, гэр бүлийг нь барьцаална, гадаадад худалдаалагдсан бол их хэмжээний өрөнд оруулна гэх мэтчилэн олон арга байна. Монголд үйлдэгдэж байгаа хэргийн дийлэнх нь нүцгэн зургийг нь авч “Хэрэв явбал зургийг чинь фэйсбүүкээр тараана” гэж сүрдүүлдэг. Өөрөө биеэ үнэлэлтээ зогсооё гэж хүссэн ч гарч чадахгүй байна гэж хандах хүмүүс ч бий. Биеэ үнэлэлт гэдэг тамхи татдаг хүн их татах тусам донтдогтой яг адилхан. Удаан хугацаанд байнга бэлгийн харьцаанд орохоор донтдог. Ихэнх хүмүүс үүнийг өөрөө хүссэндээ биеэ үнэлсэн гэж хардаг. Шүүх хурал дээр ч гэсэн хэрэгтэн “Наадах чинь өөрөө л тэгье гэсэн гэхээр, шүүгч чи өөрөө л хүссэн юм байна шүү дээ” гэдэг. Үүний цаана байгаа хүчирхийлэл дарамтыг бараг л хардаггүй. 

Манай улсад бэлгийн мөлжлөгт өртсөн эрчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах байр байдаггүй гэж Америкийн элчин яамнаас гаргасан Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тайланд дурдсан байна. Танай төвд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон эрчүүд хандаж байсан уу? 

Гудамжинд явж байхдаа хүчирхийлэлд өртсөн дөрвөн хүүгийн ар гэр, 12 настай хүүхэд хандаж байсан. Гэхдээ манайд эрэгтэй хүмүүсийг хамгаалж, удаан хугацаанд байлгах байр байхгүй учраас оффис дээр сэтгэл заслын эмчилгээ хийсэн. Манай улсад бэлгийн мөлжлөгт өртсөн эрчүүдэд туслах төв гэж байхгүй. Уг нь бүх хохирогчдод тусалж болно. Гэхдээ манай улсад хохирогч хамгааллын системтэй тогтолцоо байхгүй. Хохирогчдод чиглэсэн удаан хугацааны үйлчилгээ үзүүлдэг байгууллага манайхаас өөр алга. Тиймээс бүгдэд нь хүрч ажиллах хэцүү. 

Хүний наймааг сүлжээ хүмүүс, бүлэглэл үйлддэг гэж хуулийнхан үздэг. Танайд хандсан хохирогчдыг худалдаалсан хүмүүс ял авч байсан уу? 

Ял авна. Гэхдээ тэдний цаана өөр нэгэн хүн байж л байгаа. Манайд хандсан охидууд “Зуучилж байгаа хүмүүс цагдаа нарт баригдахаар ядуу, хэрэг хүлээх чадваргүй хүн болдог. Харин охидууд зарах болохоороо шал өөр машин унаад л гараад явчихдаг” гэж ярьдаг. 

Америкийн элчин сайдын яамнаас гаргасан тайланд Монголын засгийн газар хүний наймааг таслан зогсоох чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна гэж шүүмжилсэн байсан. Энэ хэр бодитой вэ? 

Хийдэггүй гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ хийсэн ажил нь нягт уялдаагүй, хохирогч хамгаалах чиглэлээр нэгдсэн систем байдаггүй. Уг нь Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийн дагуу шүүх прокурорын ажилтнуудыг сургах, зөвлөгөө өгөх төв ажиллуулах зэрэг ажлыг хийдэг юм билээ. Гэтэл төр засаг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай нягт уялдаатай ажиллах ёстой. Жишээ нь манай төвд хохирогч хандлаа гэхэд эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болдог. Гэвч бид хэзээ ч тухайн хүнийг хохирогч гэж эмнэлэгт үзүүлж болохгүй. Бид зарим үед ээж, эгч болоод эмнэлэгт очдог. Харин хөгжилтэй орнуудад нэгдсэн сан байдаг. Энэ сангаараа дамжуулаад л бүх мэдээллээ харчихдаг. Ингэснээр төрийн хийж байгаа ажлыг төрийн бус нь хийж цаг алдах хэрэггүй, эмнэлэгт очоод хохирогчийн талаар нэгд нэгэнгүй тоочих шаардлагагүй болно. Гэвч манайд ийм нэгдсэн сан байхгүй байгаа нь зарим хохирогчид ашигтай болдог. Өөрөөр хэлбэл байгууллага болгон дээр очоод тусламж авдаг хохирогч байна. Ийм хүмүүс чинь хаана очиж, хэнтэй юу ярихгүй гэдгээ мэднэ. 

Мөн улс төрийн тогтворгүй байдал маш их нөлөөлдөг. Жишээ нь энэ чиглэлээр ажиллаж буй хүмүүс маш их солигддог. Гэтэл хүний наймаа, бэлгийн мөлжлөг гэдэг чинь онцгой ажил шүү дээ. Ямар хүмүүс хохирогч болоод байна, тэд нарт яаж хандах вэ гэдгийг ойлгохын тулд цаг хугацаа хэрэгтэй. Гэтэл яг энэ чиглэлээр ажиллаж буй хүмүүст цаг хугацаа бараг байдаггүй. Дарга солигдох болгонд ажилтнууд солигдож байна. Энэ чиглэлээр шийдвэр гаргах түвшинд ажилладаг хүний хандлагыг арай гэж өөрчилтөл намынхаа шийдвэрээр албан тушаалаасаа солигдох жишээний. 

Хохирогчид дан ганц сэтгэл санаа бус эрүүл мэндээрээ асар их хохирдог. Жишээ нь БЗХӨ. 10 биеэ үнэлэгчийн 9 нь БЗХӨ -тэй гэх албан бус статистик тоо ч байна. Энэ хэр үнэн бэ? 

Үнэн. Манайд хандсан хохирогч нар бүгд л өвчтэй ирсэн. Заг хүйтэн, трихимиониаз, тэмбүү гээд. БЗХӨ-өөс гадна сэтгэлзүйн гаралтай өвчнүүд болох элэг, ходоод асар их өвчилсөн байдаг. Бид хохирогчийг хувийн эмнэлгээр үйлчлүүлэхийг хүсдэггүй. Яагаад гэхээр энэ хүмүүс нийгмийн эмзэг бүлэгт хамарч байгаа. Төр хүссэн хүсээгүй үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Бид хохирогчдын үзүүлж байгаа эмч бүр дээр очоод "Энэ хүн бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон, тэдэн насандаа хүчирхийлэлд өртсөн" гэх зэргээр түүхийг нь ярих шаардлага гардаг. Тиймээс зарим тохиолдолд эмнэлгүүдтэй албан бичгээр харьцдаг. Үүнээс л төрийн ажил хөрсөн дээрээ буухгүй байгааг харж болно. 

Биеэ үнэлэлтийг бүр мөсөн зогсооно гэдэг маш их хугацаа шаардах ажил байх. Гэхдээ үүнийг багасгахын тулд таныхаар яах ёстой вэ? 

Хүмүүсийн хандлагыг өөрчлөх ёстой. Хэн ч хохирогч болж болно, хохирогчийг нийгмээс гадуурхах ёсгүй. Өнөөдрийн нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймааны хохирогч болсон хүн дахиад нийгмийн хохирогч болж байна. Жишээ нь, эрүүл мэндээ үзүүлж чадахгүй байна, энд тэнд очиж муугаар хэлүүлнэ. Энэ чинь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл. “Албатай юм шиг явж ирчхээд үйлчилгээ авах гэлээ, чи заавал тусламж авах ёстой юмуу” гэж хандах тохиолдол их байна. Хохирогч болсон хүмүүсийг дуртайдаа хохирогч болсон гэж хандах эрх хүмүүст байхгүй. Үндсэн хуулиараа хүн бүр тэгш эрхтэй гэж заасан ч бодит байдал дээр тийм биш байна. Ялгаварлан гадуурхалтаас болоод яг жинхэнэ хохирогч болсон хүмүүс хохирогч гэдгээ мэдээлж чаддаггүй. Хэрэв намайг биеэ үнэлдэг гэдгийг хүмүүс мэдчихвэл гэр бүл, ах дүү хамаатан садан үзэхгүй болчихно гэж боддог. 

Гадны улсууд бэлгийн мөлжлөгийн эсрэг хэрхэн тэмцэж байна вэ? 

Шведэд 1999 онд биеэ үнэлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн. Биеэ үнэлж байгаа эмэгтэйг худалдаж авсан талд нь ял оноодог болсон. Nordic model гэх нэртэй тус хуулийг бусад олон орнууд туршаад энэ хууль нийгэм эдийн засагт маш хүчтэй эерэг нөлөө үзүүлж байна гэж дүгнэсэн. Учир нь өнөөдөр Шведэд яг биеэ үнэлдэг эмэгтэй байхгүй. Харин Румин, Казахстан, Киргизстан, Африкийн орнуудаас хууртагдан ирсэн охидыг Шведийн хуулийг ашиглан зарж буй явдал байгаа. Гэхдээ Швед энэ асуудалтай хүчтэй тэмцэж байна. 

Шведэд яагаад биеэ үнэлэлтийг зөвшөөрсөн бэ гэхээр “Биеэ үнэлж байгаа нь чиний буруу биш. Үүнд нийгэм хариуцлага хүлээнэ. Бид чамтай хамт байна. Чи бусадтай яг ижил тусламж авах эрхтэй” гэдгийг нь зааж өгч байгаа хэрэг. Энэ хууль Шведийн эдийн засаг, нийгэмд маш их эерэг үзүүлэлтүүдийг гаргасан. 

Бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчид жирэмсэлж хүүхэд төрүүлэх, аюултай үр хөндөлт хийлгэх тохиолдол хэр их байдаг вэ? 

Хохирогч байх хугацаандаа хүүхдээ төрүүлсэн хүмүүс ирж байсан. Хохирогчид дунд огт үр хөндөлт хийлгэж байгаагүй хүн гэж байхгүй. Мэдлэг мэдээлэлгүйгээсээ болоод хүсээгүй жирэмслэлтэд өртөх, үр хөндүүлснээс болоод гарах сөрөг үр дагавар гээд асуудал зөндөө. Аюултай үр хөндөлтүүд байдаг. Эм ууна, үсэрнэ. Манай төвөөр үйлчлүүлж байгаа охидын хамгийн бага нь 16-тай. Манай төвд 14-тэй байхдаа хандсан. Тухайн үед жирэмсэн болоод хүчээр зулбуулсан байсан. Нэг найз нь өшиглөж байгаад зулбуулсан гэсэн. Энэ охины хувьд сэтгэл зүйн гэмтэл дээд цэгтээ хүрсэн, маш их иддэг, сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй байсан. Охины хэлснээр 7-8 настайдаа хамаатныхаа хүнд хүчиндүүлсэн байгаа юм. Үүнийгээ гэрийнхэндээ хэлсэн боловч өөрөө худлаа ярьсан болоод буруутгагдсан байсан. Тэгээд л гэртээ баймааргүй санагдаад гадуур тэнэдэг болоод хүмүүсийн хараанд өртсөн байгаа юм. Ингээд 12, 13 настайгаасаа хүчээр биеэ үнэлсэн байсан. 

Хохирогчтой ажиллана гэдэг маш хүнд биз? 

Хүнд шүү дээ. Хамгийн гол нь сэтгэл заслын эмчилгээ эхлэхээр хохирогч хэдэн насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна тэр насандаа эргэж очдог. Жишээ нь долоон насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол тэр насандаа цоожлогдчихдог. Үүнээс болоод 7-14 нас хүртэлх хүүхэд нас нь байхгүй болчихож байна гэсэн үг. Харин сэтгэл заслын эмчилгээ эхлэхээр долоон нас руу аваачих хэрэгтэй болдог. Ингээд эргээд долоон насанд нь аваачиж амьдрал нь тэндээсээ дахиад эхэлнэ. Үүнээс үүдэн 7-14 хүртэл насны зан ааш бүгд илэрнэ. Тэгэхээр хохирогч хэдэн насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн бэ гэдгийг тогтоох нь чухал. Сэтгэл заслын эмчилгээний үед хохирогч орилох, хашхирах, ядрах зэргээр янз бүрийн үйлдэл гаргана. Хамгийн гол нь тухайн үед болсон үйл явдлыг энгийн дурсамж мэтээр ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлдэг. 

Бэлгийн хүчирхийллийг хохирогч хэзээ ч мартдаггүй. Зарим мэргэжилтнүүд мартуулах гэж оролддог. “Наадахаа март, битгий бод. Одоо урд дахь амьдралаа хараад л амьдар” гэдэг. Гэтэл энэ өрөөнд бэлгийн хүчирхийлэл боллоо гэж бодоход дэрний өнгө зэргийг хүн хэзээ ч мартдаггүй. Мартуулсан гэж бодтол 20 жилийн дараа адилхан өнгөтэй дэр хараад л бүх юм нь сэдэрнэ. Тэгэхээр бид тухайн үед өмсөж байсан хувцас, орчин зэргийг нь байнга яриулснаар өнгөрсөндөө очиж гацахгүйгээр урагшлах сэтгэлзүйг нь бэлддэг гэсэн үг. Энэ нь хамгийн үр дүнтэй. Гэхдээ эмчилгээний үед гарах сэтгэл хөдлөлийг давж гарах эсэхийг хохирогчийн сэтгэлийн тэнхээ л мэднэ.  

Мэдээж хохирогч насан туршдаа мэргэжлийн хүмүүстэй хамт байна гэж байхгүй. Эмчилгээ нь дуусахад гэр бүлдээ эргэн очно. Тэгэхээр хохирогчийн ар гэр маш чухал. Танай төв хохирогчийн ар гэрийнхэнтэй холбогдож, хамтарч ажиллаж байсан уу? 

Ар гэр хамгийн хэцүү. Бид мэдээж бүх хүнтэй хамтарч ажиллах боломжгүй. Тиймээс дүүргийн гэр бүл хүүхэд хөгжлийн газрынхныг гэр бүлтэй нь ажиллаад өгөөч гэж гуйдаг. Үнэнийг хэлэхэд хохирогчийн ар гэртэй ажилладаг ганц ч байгууллага алга байна. Бүр тэсэхгүй үед бид өөрсдөө гэр бүлтэй нь ажилладаг. Ар гэрийнхэн нь “Чи өөрөө л дурандаа явсан” гэж хохирогчийг буруутгаж байдаг. Гэвч яг амьдралынх нь түүхийг харахаар ах нар нь хүчирхийлдэг, гэр бүлийнхэн нь зоддог байдаг. Гэхдээ хохирогчийн гэр бүлтэй хамтарч ажиллахад аяндаа өөрчлөгддөг. Тиймээс ар гэрийнхэнтэй хамтарч ажиллах их чухал. Ар гэртэй ажиллаагүйгээс болоод удаан хугацаанд хийсэн сэтгэл заслын эмчилгээ үр дүнгүй болох тохиолдол ч бий. 

Гэр бүлээс гадна хэвлэл мэдээллийн байгууллага бас их чухал. Жнь: Малайзад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэй нүүрээ сийчин байж зугтааж эх орондоо ирээд шүүх хурал болсон. Гэтэл хоёр сонин хохирогчийн овог нэртэй нь болсон явдлын талаар нийтэлсэн байсан. Үүнээс болоод нөхөр нь мэдэж нөхрийнхөө дарамтад орсон байгаа юм. Тэгээд нөхөр нь “Чи яв биеэ үнэлж сураагүй биш. Мөнгө олж ир гээд  зодоод хөөгөөд гаргадаг байсан”. 

Мөн ямар ч зөвшөөрөлгүйгээр нэг телевизийн сэтгүүлч зураглаачтайгаа хамт манай хамгаалах байранд ороод хохирогчийн дүрстэй 20 минутын нэвтрүүлэг гаргасан. Үүнээс болоод хохирогч дахиад сэтгэл зүйн асар их дарамтад орсон. Тэр хохирогч манай төвд ирэхдээ салхины чимээ гарахаар хамаг хөлс нь гарч чичирч орилдог байсан. Учир нь хохирогч хэдэн сар хоригдож хүчээр биеэ үнэлсэн байгаа юм. Бид дөрвөн сар хамт байж чичирч айх үед нь өвөртөлж унтдаг байсан. Ингээд арай гайгүй болж байхад нь шууд камертай бичлэг хийж телевизээр гаргаснаас болж бүх эмчилгээг дахиж шинээр хийсэн. Энэ мэтээр зарим хэвлэл мэдээллийнхэн хохирогчийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх явдал байна. 

Манай улсад түр хамгаалах байр цагдаагийн дэргэд, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гээд хэд хэд байна. Гэхдээ богино хугацаанд хамгаалдгаас болоод хохирогч нэг, хоёр сарын дараа дахиад л хүчирхийлэгчийн гарт очдог гэдгийг хохирогч болоод мэргэжилтнүүд хэлдэг. Хохирогчийг богино хугацаанд хамгаалахын сул тал нь юу юм бэ?   

Түр хамгаалах байрнаас гараад очих газаргүй хохирогч биеэ үнэлнэ эсвэл гудамжинд гарна. Хохирогчийг богино хугацаанд хамгаална гэдэг дүрэлзэж байгаа галыг дутуу унтраасантай л адил. Дийлэнх ТББ-ууд “Санхүүжилт өгөхгүй байна. Манайх уг нь энэ хүнд тусалчихмаар байдаг. Төрөөс ямар ч дэмжлэг байхгүй юм чинь энэ хүнийг явуулахаас өөр аргагүй” гэдэг. Гэтэл хохирогчид тусална гэдэг тэгж их мөнгө шаарддаг зүйл биш. Сэтгэл байх л юм бол тухайн байгууллага 20 мянган төгрөгтэй байсан ч хүнд итгэл өгч чадна. Тусламж хүсээд ирсэн хүнд сэтгэл л хэрэгтэй байдаг. Хохирогчид надад мөнгө өгөөч гэж ирдэггүй. Харин надад дэмжлэг хэрэгтэй байна гэдэг. Гэвч манайхан нэг хүн орж ирээд зовлонгоо ярихаар энэ хүн яг мөнгө нэхэх гэж байна гэж хардаг. Үүний оронд сайхан халуун дотноор тэврээд л гаргачих. Магадгүй таны тэврэлт тэр хүний амьдралыг өөрчилж ч болно. 

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа.