Жилийн гурван хувийн хүүтэй 300 саяас хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид авснаар ажлын байр нэмэгдэж, эх орны эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулах учиртай. Гэтэл уг зээлийг УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд хувийн компаниуддаа авсан нь ил боллоо.

Зам тээвэр хөгжлийн яамны шинэхэн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн Эпато анарваан ХХК-д нэг тэрбум хоёр зуун саяын зээл, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн Дорнод гурил ХХК-д 950 сая төгрөг, УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн Монгол Шаазан ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй тус тус авчээ.

Мөн ХХААХҮЯ-ны сайд Б.Батзоригийн эхнэр Л.Отгонжаргалын захирлаар нь ажилладаг Тээвэр ачлал ХХК тэрбум дөрвөн зуун саяын зээл авсан гэдгийг Өдрийн Сонин болон Ikon.mn батлаад байгаа юм. Үүнийг сайд Б.Батзориг ор үндэслэлгүй мэдээлэл хэмээн үгүйсгэсээр байна. Хэрэв энэ үнэн гэдэг нь батлагдвал ашиг сонирхлын зөрчил буюу өөрийн удирддаг яамны харьяа сангаас гэр бүлийн хүндээ зээл авч өгсөн хэрэг болно.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан нь улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг ба таван жилийн хугацаатай олгогддог уг зээлийн эхний хоёр жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгддөг тул “жинхэнэ” жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид уг зээлийг “мөрөөдлийн зээл” гэж нэрлэдэг байна.

“Мөрөөдлийн” гэж нэрлэсний учир нь хэдэн ч удаа төслөө явуулж, сонгон шалгаруулалтад ороод зээлээ авч чаддаггүйтэй холбоотой гэнэ.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь ХХААХҮЯ-ын харьяа бөгөөд УИХ-аас энэ онд 99.188.828,9 мянган төгрөг буюу 99 тэрбум гаруй төгрөг төсөвлөж үүнээс цэвэр зээлд 52 тэрбумыг зарцуулсан нь тус сангийн 2018 оны төсвийн зарлагын хуваарьт тусгагджээ.