Засгийн газрын хуралдаанаар Блокчейн технологид үндэслэсэн платформыг ашиглаж Засгийн газар үнэт цаас гаргах журмыг баталлаа. Ингэснээр Засгийн газар үнэт цаас гаргавал иргэн, ААН блокчейн технологид авах боломжтойгоос гадна зээлийн хүүг буулгах, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Засгийн газрын үнэт цаасыг өмнө нь голдуу арилжааны банкуудад санал болгодог байсан юм. Гэхдээ уг журмыг одоохондоо ашиглах бүрэн бололцоогүй байгаа ч хууль эрх зүйн орчин нь бүрдэж байна.

Үүнээс гадна тусгай сангуудад хийсэн шалгалтыг Засгийн газарт танилцуулсан ба авах арга хэмжээний талаарх Засгийн газрын тогтоолыг дараагийн долоох хоногт гаргахаар болжээ. Шалгалтаар хэд хэдэн нийтлэг зөрчил илэрсэн байна. Тодруулбал,

  • Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 2017 оны эцсийн байдлаар 395.3 тэрбум төгрөгийн авлагатай, 133.7 тэрбум төгрөгийн өглөгтэй
  • Мал хамгаалах сан зээлийн журам боловсруулж мөрдөөгүй, зарим ААН, иргэн, байгууллагад зээлийг дахин олгодог, авсан зээлээ төлөөгүй байхад дахин зээл олгосон
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олгосон 17 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг их хэмжээгээр хэтрүүлэн олгосон, дэмжлэг авсан иргэдээс төслийн явцын болон гүйцэтгэлийн тайлан авдаггүй, хуваарийн дагуу төлөлт хийдэггүй учир авлага өсөх хандлагатай
  • Боловсролын зээлийн сан болон суралцагч, захиалагчийн хоорондын гэрээнд суралцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхой бус байгаа нь төлбөр эргэн төлөгдөхгүй удаашрахад нөлөөлсөн
  • Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хуульд тодорхой заасан ч зөвхөн авто зам ашигласны төлбөрөөр санхүүжиж, бусад эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөлийг хангаагүй
  • Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгодог ч иргэд үүнийг мэддэггүй учир зөвхөн өргөдөл гаргасан иргэнд олгож байсан. Торгох ялын төлбөрийн 60 хувийг санд төвлөрүүлж байгаа ч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон торгох ялын төлбөрийг бүрэн хэмжээгээр төвлөрүүлж төсөвт оруулж чадаж байгаа эсэхэд тавих хяналт хангалтгүй зэрэг зөрчил илэрчээ.

Төрийн сангуудад төлөгдөөгүй байгаа хугацаа хэтэрсэн 130 орчим тэрбум төгрөгийн зээл байсан ба сүүлийн 1-2 сард 100 орчим тэрбум төгрөг болж буурсан байна. Энэ удаад зээл олгодог сангуудыг голлон шалгасан бөгөөд зарим санг татан буулгах саналаа Засгийн газарт танилцуулсан гэнэ. Эдгээр сангуудын нэр болон шалгалтын мэдээллийг дараа долоо хоногт мэдээлнэ гэж Ч.Хүрэлбаатар ярилаа.

Сануулбал, УИХ болоод Засгийн газрын 12 гишүүн ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан нь ил болсон юм. Уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа ба эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарыг яллагдагчаар татаад байна.

Засгийн газрын тусгай сангууд,

  1. Байгаль орчин, уур амьсгалын сан
  2. Эрсдэлийн сан
  3. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  4. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  5. Засгийн газрын нөөц сан
  6. Мал хамгаалах сан
  7. Нийгмийн даатгалын сан
  8. Нийгмийн халамжийн сан
  9. Соёл, урлагийг дэмжих сан
  10. Боловсролын зээлийн сан
  11. Тариаланг дэмжих сан
  12. Улсын авто замын сан
  13. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  14. Хүүхдийн төлөө сан
  15. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  16. Шинжлэх ухаан, технологийн сан
  17. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  18. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  19. Ирээдүйн өв сан
  20. Төсвийн тогтворжуулалтын сан
  21. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  22. Олон улсын хамтын ажиллагааны сан
  23. Монгол судлалыг дэмжих сан
  24. Эрүүл мэндийн даатгалын сан
  25. Засгийн газрын өрийн баталгааны сан
  26. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан
  27. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан
  28. Спортыг дэмжих сан
  29. Эрүүл мэндийг дэмжих сан
  30. Агаарын бохирдлын эсрэг сан