Ээлжит бус чуулгантай залгуулан өнгөрсөн сарын таванд УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлсэн юм. Чуулган нээлтээ хийснээс хойш тавдугаар сарын нэгэн хүртэл нийт 14 удаа хуралдсан байна.

Энэ хаврын чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болсон ба нэгнийхээ өмнөөс кнопдох, нэгэндээ картаа дайдаг башир аргууд төгсгөл болсон юм.

Тэгвэл өнгөрсөн сард чуулганд хамгийн их суугаагүй таслалттай гишүүнээр нөгөө л Б.Наранхүү гишүүн тодорлоо. Тэрээр чуулганд 14 удаа суух ёстойгоос есөд нь суужээ. Харин үлдсэн хугацаанд ямар нэгэн шалтгаангүйгээр чуулганы танхимд ирээгүй байна.

Зураг: Vip76

Түүний араас С.Батболд гишүүн хоёр таслалтайгаар, Г.Тэмүүлэн, С.Эрдэнэ, Ж.Эрдэнэбат нарын гурван гишүүн тус бүр нэг таслалтайгаар удаалжээ. Эсрэгээрээ 26 гишүүн дөрөвдүгээр сард чуулганы хуралдаандаа бүрэн суусан үзүүлэлттэй байна.

Харин 21 гишүүн гадаадад, 12 гишүүн орон нутагт томилолттой байжээ. Үүнээс хамгийн их гадаадад томилолттой байсан гишүүнээр ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар тодорлоо. Тэрээр өнгөрсөн сард дөрвөн удаа гадаад томилолтоор явсан бол түүний араас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гурван удаа томилолтоор явжээ. Орон нутагт хамгийн их ажилласан гишүүнээр Д.Пүрэвдорж тодорч гурван удаа томилолттой шалтгаанаар чуулганаас чөлөөлөгдсөн байна.

Зураг: montsame

Энэ хаврын чуулганаар Үндсэн хууль, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай зэрэг олон чухал хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн юм. Үүнээс өнгөрсөн сард хэд хэдэн бие даасан хууль баталсны дотор Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байв.

Шүүмжлэл, маргаан дагуулсан дээрх хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг цогцоор нь солиод байгаа юм.