Боинг компани өнгөрсөн онд Малайз, Этиопд 737 Max онгоцны ослоор нас барсан 346 хүмүүсийн гэр бүлд 100 сая долларын нөхөн төлбөр өгөхөөр болжээ. Ингэхдээ тухайн орон нутгийн ашгийн бус, нийгмийн тусламжийн байгууллагаар дамжуулан нөхөн төлбөрийг олгох ба энэ нь хохирогчдын сургалтын төлбөр, амьдралын хэрэгцээнд зарцуулагдах юм байна. 

Харин өнгөрсөн гуравдугаар сард осолдсон онгоцны хохирогчдын ар гэрийнхний өмгөөлөгч Боб Клиффорд шүүн таслах ажиллагааны явцад Боинг нөхөн төлбөр олгож байгаа нь санаанд оромгүй үйлдэл гэжээ. Учир нь хохирогчдын гэрийнхэн мөнгөнөөс илүү ослын газраас талийгаачдын цогцсыг авч албан ёсоор оршуулах хүсэлтэй байгаа юм. 

Үүний хариуд Боинг компани нөхөн төлбөр авсан иргэд компаний эсрэг гаргасан өргөдлөө буцаах шаардлагагүй гэжээ. 

Өнгөрсөн онд болсон хоёр ослоос болж олон улсад 737 Max онгоцоор нислэг үйлдэхийг хориглосон байна. Мөн хохирогчдын гэр бүлийнхэн Боинг компанийг шүүхэд өгсөн юм. 

Шинжээчид ослын шалтгааныг хурд тогтворжуулах автомат системтэй холбоотой гэж үзсэн ч өнгөрсөн сард онгоцны компьютерт асуудал байсныг илрүүлжээ. Улмаар олон улсын нислэгийн компаниуд 737 Max онгоцонд тавьсан хоригоо сунгасан байна. 

Эх сурвалж: CNN, BBC