Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлигаар Богд хааны түүх, намтар, улс төр, шашны үйл ажиллагааг судлах, сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Богд хаан 150: Ном бүтээлийн өв сэдэвт үзэсгэлэн энэ сарын 9-25-нд Богд Хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ. Мөн Богд хаан 150: Ном бүтээлийн өв олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 11-12-нд зохиогдох ба Япон, Герман, Орос, Унгар, Польш зэрэг орны 10 гаруй Монголч эрдэмтэн оролцож, илтгэл тавих юм.

Сануулбал, тавдугаар сард Монгол улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт сэдэвт үзэсгэлэнг Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ.

Наймдугаар Богд Жавзандамба хутагт нь 1869 онд мэндэлсэн ба 1911 онд эзэн хаанаар өргөмжлөгдсөн юм. Тэрээр 1919 онд Хятадын цэрэг Монголд орж ирсний дараа гэрийн хорионд орж байсан бөгөөд 1924 онд таалал төгсчээ.