Богд хааны ордон музей Урвуулагч хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны өдөр буюу маргаашаас ажиллаж эхэлнэ. Энэ өдөр олон нийтэд зориулан хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэхээс гадна нэг өдөрт багтаан Цагаан дара эх бүтээх арга хэмжээ зохиогдож, сэдэвчилсэн үзэсгэлэн дэлгэгдэх юм.

Богд хааны ордон музей шинийн найманд хүүхэд, 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 60-аас дээш өндөр настанд үнэгүй үйлчлэх бол насанд хүрэгчид 50 хувь хөнгөлөлттэй үнээр буюу 4000 мянган төгрөгөөр, оюутнууд 1500 төгрөгөөр үзэх боломжтой.

Үүнээс гадна музейд сан хөмрөгт хадгалагдаж буй алдарт зураач Марзан Б.Шаравын бүтээлүүдийг олонд дэлгэх юм. Тэр тусмаа нэрт зураачийн төдийлөн олонд дэлгэгдэж байгаагүй Цагаан дара эх бурхныг бодит хүний дүрээр дүрсэлсэн уран зургийг дэлгэх гэнэ.

Энэхүү зураг нь тухайн цаг үеийн Монголын шашны урлагт ихээхэн шинэлэг хэв маягийг нэвтрүүлсэн гэж зураач, урлаг судлаачид үздэг байна.