Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдад нийцсэн шинэлэг үйлчилгээг бий болгох, тоог нэмэгдүүлэх зорилготой Богдхан уулын трейл-2019 олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 28-нд болж өндөрлөлөө.

Тэмцээнийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы Шёова холдинг группийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан ба 10 гаруй орны 70 гаруй, дотоодын 80 гаруй тамирчин, насанд хүрэгчид, ахмад, өсвөр үе гэсэн гурван насны ангилалд өрсөлдсөн байна.

Энэ удаагийн тэмцээн нь Хөшигтийн хөндийгөөс Манзуширийн хийд, Цэцээ гүн, Зайсан толгой чиглэлд зохион байгуулагдсан ба гүйлтийг 64, 21, 10 км-ийн зайд зохион байгуулжээ.

Түүнчлэн энэ жилээс эхлэн тус тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад Олон улсын трейл раннинг холбооны гурван оноо мөн дэлхийн хамгийн том ультра трейл уралдаан болох Ultra trail Mont blank-д оролцох эрхийн төлөө өрсөлдөх эрх өгч эхэлснээрээ онцлогтой байна.

Ийнхүү Богдхан уулын трейл уралдаан олон улсын онооны зэрэглэлтэй тэмцээн болсноор гадаадаас ирэх тамирчдын тоо өсөх хандлагатай байгаа юм. 

Богдхан уулын трейл уралдаан нь өнгөрсөн онд анх удаа Тал нутгийн Монгол олон улсын марафон тэмцээний хүрээнд зохиогдсон байна.