Жил бүр улсын баяр наадамд тав давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн баяр наадамд барилдсан бөхчүүдийн допингийн хариу Улсын Баяр наадмын зохион байгуулах хороонд ирээд байгаа юм.

Хэдийгээр бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу ирсэн ч Баяр наадмын зохион байгуулах хорооноос албан ёсоор зарлаагүй байна.

Энэхүү шинжилгээний хариутай холбоотойгоор энэ жил шинээр улсын цолонд хүрсэн хоёр бөхөөс сэргээшийн төрлийн хориотой эм бэлдмэл илэрсэн гэх албан бус мэдээлэл гараад байгаа юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор энэ жилийн барилдаанд тав давж их шөвөгт үлдсэн бөхчүүд эхнээсээ өөрийн шинжилгээний хариутай холбоотойгоор мэдэгдэл хийж эхэллээ.

Одоогоор шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж, П.Бүрэнтөгс, улсын харцага Д.Анар, улсын начин Б.Цэрэнсодном, өсөх идэр начин Э.Энхбат нар өөрийнх нь шинжилгээнээс ямар нэгэн хориотой бодис илрээгүй гэдгийг Баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдэгдсэн гэдгээ хэлээд байна.

Энэ жил таван начин, нэг харцага, нэг аварга гэсэн долоон цолтон шинээр төрөн гараад байгаа юм.

Тэгвэл эдгээр бөхчүүдээс энэ жилийн түрүү бөх аварга Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Б.Бат-Өлзий, шинээр төрсөн начин цолтнууд болох Н.Баярбаатар, Ж.Ням-Эрдэнэ, А.Давааням, Д.Цэрэнтогтох, Б.Орхонбаяр нар хараахан мэдэгдэл хийгээгүй байна.

Сануулахад, Үндэсний бөхийн салбар хорооноос 2017, 2018 онд сэргээшийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон найман бөхийг энэ жилийн наадамд барилдуулаагүй юм.

Энэ дунд 2017 онд наадмын бус үеэр авсан шинжилгээнд бүдэрсэн улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын тэргүүтэй долоон бөх, өнгөрсөн жилийн наадам сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар нарын бөхчүүд багтаж байна.