Энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарсан гэдгийг Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдэгдлээ.

Бөхчүүдийн шинжилгээний хариуг одоогоор Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн бөгөөд хуулийн дагуу шинжилгээний хариуг тус хорооноос зарлах юм. 

Допингийн шинжилгээ авах журмын дагуу баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр буюу тавын даваанаас эхлэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг байна. Бөхчүүдээс авсан шинжилгээг Солонгосын итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэн шалгуулдаг юм.

Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын долоон цолтон шинээр төрөн гарсан юм. Энэ дундаас тавын даваанд таван залуу начин, зургаагийн даваанд улсын начин Д.Анар харцага цолны болзол хангасан бол түрүү бөхөөр улсын арслан Л.Оюунболд тодорч шинээр аварга цолтон төрсөн юм. 

Сануулахад, Үндэсний бөхийн салбар хорооноос 2017, 2018 онд сэргээшийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон найман бөхийг энэ жилийн наадамд барилдуулаагүй юм.

Энэ дунд 2017 онд наадмын бус үеэр авсан шинжилгээнд бүдэрсэн улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын тэргүүтэй долоон бөх, өнгөрсөн жилийн наадам сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар нарын бөхчүүд багтаж байна.