Сүүлийн үед бөхчүүдийг даваа унаа наймаалдаг, цолыг мөнгөөр худалдаж авдаг, шударга бус барилддаг гэх шүүмжлэл ихээр гарах болсон. Ялангуяа улсын баяр наадмын тавын даваа эхлэхэд шинээр төрж буй улсын цолтнуудыг “энэ найрааны начин, тэр нь чадлаараа цолонд хүрлээ” гэх яриа бөх сонирхогчдын ханцуй дотор өрнөдөг.

Тэгвэл бөхчүүдийн даваа унааны найраа, улсын цолыг мөнгөөр наймаалдаг гэх явдлыг АТГ-аас шалгах боломжтой эсэхийг лавлахад “Хуульд авлигын субъект нь төрийн байгууллага, албан хаагчид гэж заасан байдаг. Тиймээс бөхчүүдийн асуудлыг шалгах боломжгүй” гэх хариултыг өгчээ.

Үүнээс үзэхэд бөхчүүдийн найраа хийдэг шударга бус явдал хуульд хамаагүй, ганцхан бөх хүний ёс жудагтай холбоотой болж таарч байна. Тэгэхээр найраа хийх үү болих уу гэдэг нь тухайн хувь хүний асуудал болж байна гэсэн үг.

Өнгөрсөн жилийн наадмаар улсын залуу зааны нэг Э.Оюунболд ам авахдаа гурван хуруугаа гозойлгосон дүр зураг телевизийн камерт өртөж, түүнийг нь олон нийт өрсөлдөгч бөхдөө “30 саяар уу эсвэл 300 саяар унаж өгсөн үү?” гэх сэжиг төрүүлж, шуугиан тарьсан.

Дээр нь түрүүлсэн бөхөд цэрэг цагдаагийн цол гуншин, цалин тэтгэмж өгдөг бичигдээгүй хууль бий. Энэ нь бөхчүүд аль нэг компаний нэр дээр барилддагтай холбоотой бөгөөд амжилт гаргасан тохиолдолд эдгээр компаниуд нь шагнал урамшуулал олгодог.

Ялангуяа төрийн байгууллага болох зэвсэгт хүчин, цэрэг цагдаагийн байгууллагын харъяан дор хамаардаг бөхчүүд олон бий. Эдгээр бөхчүүд шинэ цолонд хүрэхэд тухайн байгууллага нь цолны мялаалга болгож, давхар цол тэмдэг олгодог явдлыг иргэд шүүмжилсээр байгаа юм. Тухайлбал, энэ жилийн түрүү бөх болж аварга цолонд хүрсэн Н.Батсуурьт ОБЕГ-аас дэд хурандаа цол олгоод байгаа юм.