Ерөнхийлөгч Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар арга хэмжээ авах тухай албан бичгийг ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээлээ.

Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд Бөхийн холбоонд үүссэн зөрчил, тэмцэл,  хууль бус үйлдлүүдээ таслан зогсоож, Их эе хуралдаанаар асуудлаа шийдвэрлэхгүй бол Бөхийн өргөөг улсын өмчид хурааж авна гэдгийг анхааруулж байсан юм.

Мөн эвлэлдэн нэгдэх гэдгээ Бөхийн холбооноос эхлэх хэрэгтэй хэмээн зарлиг хүртэл буулгасан ч тус холбооны зөрчил газар авч, гурван ч удаа Бөхийн өргөөний хаалгыг эвдэж, нэгнээ гэмтээсэн хэрэг гарсан юм.

Ерөнхийлөгч илгээсэн албан бичигтээ “Маргаан бөхчүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэнд иргэд, олон нийт илт буруушааж байна. Иймд улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах саналыг шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал” гэжээ.

Түүнчлэн, Бөхийн өргөөг барихад шаардлагатай 1.1 тэрбум гаруй төгрөгийн 800 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж байсан талаар бичжээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзвэл нийт зардлын дийлэнх хувийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулсан Бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байна гэж Ерөнхийлөгч үзсэн байна.

Иймд Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Ерөнхий сайдаас хүсчээ.