СХД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах МОН СҮҮ компаний  хашаанд байрлах бохирын худагт хоёр хүн унаж амь насаа алдлаа. МОН СҮҮ компаний мэдээлснээр тус худаг Дайцэцэн гэх орон сууц, нийтийн аж ахуйн газрын эзэмшлийнх ба нас барсан хоёр ажилтан худгийн усыг соруулахаар орсон байна. 

Дуудлагын дагуу очиход тус бохирын худагт Дайцэцэн ХХК-ний засварчин 34 настай Б, Орон сууц, нийтийн аж ахуй үйлчилгээний газрын засварчин 31 настай У нар унаж нас барсан байжээ.

Тус хэргийг СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа ба талийгаачид ажил үүргээ гүйцэтгэж явсан байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. 

Хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүйн улмаас иргэд амь насаа алдах явдал гарсаар байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 16-нд Төв цэвэрлэх байгууламжид гарсан үйлдвэрлэлийн осолд есөн хүн өртөж, дөрвөн нь амь насаа алдсан юм.