Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Азийн хөгжлийн банкны “ТА-9376 Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийг ажлын хэсэгт танилцуулжээ. Мөн өмнөх мастер төлөвлөгөөнүүдийн хэрэгжилт, үр дүнтэй уялдуулж энэ удаагийн мастер төлөвлөгөөний урьдчилсан хувилбар, ажлын нарийвчилсан төлөвлөгөөтэй танилцсан юм.

Энэ үеэр МУИС-ын “XXI зууны суралцагчийн цогц чадамж” судалгааны үр дүнг хэлэлцэж мастер төлөвлөгөөнд хэрхэн тусгах талаар гишүүдтэй санал солилцсон байна. Энэ удаагийн боловсролын мастер төлөвлөгөөг гурван үе шаттайгаар боловсруулж, ирэх оны зургадугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Азийн хөгжлийн банк, БСШУСЯ болон Сангийн яам “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Үүний хүрээнд БСШУСЯ болон Азийн хөгжлийн банк хамтран Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлсэн байна. Тухайлбал, зургадугаар сард хуралдаж, шинэ мастер төлөвлөгөөг боловсруулах талаар хэлэлцэн, ажлын хэсгийг байгуулсан юм.

Монгол Улс анх 1996 онд боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулан дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлсэн билээ. Үүнээс хойш 2000-2005, 2006-2015 оны хооронд хоёр, гурав дахь мастер төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлсэн юм.

Энэ удаагийн дөрөв дэх мастер төлөвлөгөөг 2020-2030 он хүртэл дунд хугацаанд хэрэгжүүлэх ба төлөвлөгөөнд сургуулийн өмнөх, ерөнхий болон дээд боловсролын хөгжлийн чиг хандлага, бодлого чиглэл, авч хэрэгжүүлэх ажлыг цогцоор нь тусгах юм.