Таван толгой түлш ХХК-ийг есдүгээр сарын 15-наас өмнө туршилтаа дуусгаж, үйлдвэрлэл эхлүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргахыг Эрдэнэс Монгол компаний удирдлагууд үүрэг болголоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлш үйлдвэрлэхэд шаардлагатай материалын нөөц бэлтгэхийг даалгалаа.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсантай холбогдуулан 2019 оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахыг Засгийн газраас хориглосон юм. Улмаар боловсруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна.

Одоогийн байдлаар Таван толгой түлш ХХК хэд хэдэн төрлийн түлш үйлдвэрлэж, холбогдох мэргэжлийн лабораториудад туршилт хийжээ.  

Тус компани жилд 100 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь түүхий нүүрсээс хямд буюу таван тонн нь 150 мянган төгрөг байхаас гадна таван кг түлш найман цаг дулаанаа барих гэнэ.

Энэ онд төвийн бүсийн ТЭЦ-2, Баруун бүсийн Толгойт дахь Мега, Зүүн бүс дэх үйлдвэр тус бүр 100 мянга, нийт 300 мянган тонн  боловсруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.