Засгийн газар 2012 оноос хойш нийт долоон бонд гаргаж, улсыг дампуурлаас аварсан гэдэг. Гэвч бондын эргэн төлөлт 2021 оноос эхэлж, 2024 хүртэл үргэлжилнэ. Тухайлбал, 2021 онд Мазаалай, 2022 онд Чингис, 2023 онд Самурай, Гэрэгэ, 2024 онд Хуралдай бондын өрийг төлнө.

Бонд гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг заасан хугацааны дараа зохих хүүтэй нь хамт эргүүлэн төлөх үнэт цаас буюу өрийн бичиг юм. Энэ нь төсөл хөтөлбөр, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилготой байдаг.

Засгийн газраас хамгийн сүүлд буюу 2017 онд Чингис болон Дим Сам бондын өрийг төлөх зорилгоор Гэрэгэ бондыг арилжаалсан юм. Нэг үгээр хэлбэл өрийг өрөөр төлсөн гэсэн үг. Тухайн үед ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр өр тавиад ч хамаагүй дээрх бондуудын өрийг төлөөгүй бол манай улс дампуурах байсан гэжээ. 

Тэгвэл 2021 оноос иргэдийг бүсээ чангалахад хүргэх эрсдэлтэй, улсыг дампуурлаас аврах мөн дампуурал руу хөтлөх чадалтай БОНД гэгчийг цаг хугацааны дарааллаар нь тоймлоё.

Тэдний эхлэл Евро бонд

Сү.Батболдын Засгийн газар баталгаа гаргаж, нийт 600 сая долларын бонд босгох зөвшөөрлийг Хөгжлийн банканд өгснөөр 2012 онд Евро бонд арилжаалагдсан байдаг. Таван жилийн хугацаатайгаар 5.75 хувийн хүүтэй, 580 сая долларыг олон улсын зах зээлээс босгожээ. Харин эргэн төлөх хугацаа болоход Монголын эдийн засаг хүндхэн, өрийг төлөх боломжгүй байсан учир Хуралдай бондыг босгож, Еврогийн өрийг дарсан байна.

Төлөвлөгөөгүй зарцуулсан Чингис бонд 

Манай улс түүхэндээ хамгийн өндөр буюу 1.5 тэрбум долларыг олон улсын зах зээлд арилжаалсан нь Чингис бонд байв. Энэ нь 2018 онд төлөгдсөн 500 сая доллар, 2022 онд төлөгдөх нэг тэрбум доллараас бүрдсэн юм. Бонд 4.125-5.125 хувийн хүүтэй. 

Чингис бондыг 2012 онд босгоогүй бол мөн л эдийн засаг хямрах байсан гэж тухайн үеийн сангийн сайд Ч.Улаан хэлж байсан юм. Гэвч Чингисийг босгох үед манай улсын эдийн засаг 12.3 хувийн өсөлттэй байсныг Дэлхийн банкны мэдээлэл харуулж байна. (2017 оны 12 сарын байдлаар 5.8 хувьтай) Үүгээр ч барахгүй Дэлхийн банк, ОУВС-аас манай улсын мөнгөний бодлого дээрх эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй тул мөнгөний бодлогоо өөрчлөхийг 2012 онд сануулж байжээ. 

Тухайн үеийн ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ, “Чингис бондын өрийг бидний үр хүүхдүүд төлчихнө л дөө” гэсэн юм. Харин Чингисийн эхний өрийг дүү бонд Гэрэгэ нь төлсөн байна. 

Хатуу хяналттай Самурай бонд 

Засгийн газраас 2013 оны 12 сард 30 тэрбум иений бондыг арван жилийн хугацаатай, 1.52 хувийн хүүтэй, гадаад валютаар, хаалттай хэлбэрээр Японы үнэт цаасны зах зээлд арилжаалжээ. Энэхүү бондыг гаргахад Японы Засгийн газар батлан даасан учир зарцуулалтад хатуу хяналт тавьдаг байна. 

Дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх Дим Сам бонд 

Нэг тэрбум юань буюу 160 сая долларын бондыг 2015 онд олон улсын зах зээлд арилжаалсан ба энэ нь гурван жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэй юм. Бондыг арилжаалсан зорилго нь 2015 онд хугацаа нь дууссан Засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх байв. 

Хамгийн өндөр хүүтэй Мазаалай бонд

2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая долларын бондыг 10.875 хувийн хүүтэй гаргасан юм. Энэ нь Засгийн газрын 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогдож байгаа юм. Тухайн үед төсвийн алдагдал их наяд орчим төгрөгт хүрээд байсан ба алдагдлыг нөхөх зорилгоор Мазаалайг гаргажээ. Мазаалайгийн хүүд 2018.01.19-ний байдлаар нийт 131 тэрбум 805 сая, өдөрт 72 сая 221 мянга, цагт нэг сая 203 мянга, секундэд 20.061 төгрөг төлж байсан юм. 

Хагас жилд 65 тэрбумын хүүтэй Хуралдай бонд

Тоймын эхэнд дурдсанчлан Еврогийн өрийг дарахын тулд Хуралдайг 2017 онд босгосон ба 8.75 хувийн хүүтэй, 600 сая долларын өрийг 2024 онд төлнө. Үндсэн төлбөр хийгдэх хүртэл гэрээний дагуу хагас жил тутам хүү төлж байгаа юм. Манай улс уг бондын хүүд хагас жил тутамд 26 сая 250 мянган доллар буюу 63 тэрбум гаруй төгрөг төлөх ёстой.

Хамгийн отгон нь Гэрэгэ 

Ах бондууд болох Чингис болон Дим Сам нарын өрийг төлөх зорилгоор Засгийн газар 2017 оны 10 сард 5.5 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 800 сая долларын Гэрэгэ бондыг арилжаалсан байна. Бондын эргэн төлөлтийг 2023 онд хийх учиртай. 

Аалзны тор шиг нэгэнтэйгээ холбогдох Монголын бондууд “азтай” гэмээр тохиолдлоор ихэнхдээ боломжийн үнэтэй арилжаалагдаж, нийт гурван тэрбум гаруй доллар буюу долоон их наяд гаруй төгрөгийг босгосон байдаг. Гэхдээ энэ их мөнгийг зарцуулах, эргэн төлөх төлөвлөгөө ядаж байв уу, байсан ч тэр нь зөв байв уу гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй. Гагцхүү бид 2021 оноос эхлэн шил шилээ даран гарсан бондын өрийг төлөх нь тодорхой байна.