ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гарагт танилцуулахыг үүрэг болгожээ. Мөн бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Манай улс 2012 оноос эхлэн бонд арилжаалж эхэлсэн бөгөөд одоогоор төлөх ёстой Чингис, Самурай, Мазаалай, Хуралдай, Гэрэгэ гэх бондууд байна.

Чингис бондын хувьд 2022 онд төлөгдөж дуусах ба түүхэндээ хамгийн өндөр буюу 1.5 тэрбум долларыг 4,125-5,125 хувийн хүүтэйгээр авсан юм. Харин 30 тэрбум иений Самурай бондыг 2013 оны 12 сард 10 жилийн хугацаатай, 1,52 хувийн хүүтэйгээр авчээ.

Мазаалай бондыг 2021 онд төлж дуусах бөгөөд 500 сая долларыг 10.875 хувийн хүүтэйгээр 2016 онд авсан байна. Хуралдайг Евро бондын өрийг дарахын тулд 2017 онд босгосон ба 8.75 хувийн хүүтэй, 600 сая долларын өрийг 2024 онд төлөх юм.

Харин Гэрэгэ бондыг Чингис болон Дим Сам нарын өрийг төлөх зорилгоор 2017 онд 5.5 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэйгээр арилжаалжээ.