БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан юм. Уг хэрэгт талийгаачийн найз залуу О.Боргилыг холбогдуулан шалгасан ба БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таван жил гурван сарын ял оноолоо.

Хэргийг өнөөдөр шүүх хурлаар хэлэлцсэн бөгөөд шүүгдэгч О.Боргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Боргилд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ял болгожээ. 

Ийнхүү нийт эдлэх ялыг таван жил гурван сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сануулбал, О.Боргил нь ОБ пластик ХХК-ийн эзэн Н.Отгонбаярын хүү бөгөөд талийгаач Ц унаж, нас барах үед найз залуу О.Боргил хамт байсан нь тогтоогдсон юм.