Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны хурлаар Монгол брайль бичгийн стандартыг баталлаа. Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэд боловсролыг тэгш хүртэж, нийгмийн харилцаанд оролцох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. 

Манай улсад өнөөг хүртэл Монгол брайль бичгийн стандарт байхгүйгээс үүдэн Орос брайль бичгийн цагаан толгойн 33 үсэг дээр “ө”, “ү” хоёр үсгийг нэмж зохиосон 35 үсэгтэй кодыг 1960 оноос хойш хэрэглэж байжээ. 

Иймд Монгол брайль үсгийн стандартын төслийг 2018 онд боловсруулан ерөнхий боловсролын 116-р сургуульд туршсан байна. Монгол брайль бичгийн стандарт цагаан толгойн үсгийн хэрэглээг журамлан сайжруулж, баталгаажуулсанаар дараах үр дүн гарна гэж үзжээ. Үүнд:

  • Үсгийн хэвлэмэл тэмдэгт нэг бүрийг хоёрдмол утгагүй брайль тэмдэгтээр харгалзуулснаар хэвлэмэл эх, брайль эх хооронд хөрвүүлэхэд хялбар болно,
  • Брайль номын эх бэлтгэлийг хямд, хялбар аргаар хийх,
  • Шинжлэх ухааны хичээлийн нэгдсэн тэмдэг тэмдэглэгээтэй болох,
  • Брайль электрон төхөөрөмжийн хэрэглээг дэмжинэ,
  • Брайль бичгээс хэвлэмэл эх рүү алдаагүй хөрвүүлэх бололцоо нэмэгдэнэ,
  • Хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд дэлхийн аль ч улсад сурч боловсроход дөхөм болох,
  • Их, дээд сургуульд суралцагч хараагүй буюу харааны бэрхшээлтэй оюутнууд Монгол брайль бичгээр курсын ажлаа хийж, кириллээр хялбархан хэвлэдэг болно,
  • Улсын хэмжээнд нэгдсэн брайль бичгийн тэмдэг, тэмдэглэгээтэй болох юм.

Улсын хэмжээнд 16 мянга орчим харааны бэрхшээлтэй хүн байгаагийн 4.6 хувь нь л хөдөлмөр эрхэлж байна. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд брайль ном дутмаг байдгаас үүдэн багаасаа боловсрол эзэмшихгүй халамжлуулагч болдог гэдгийг харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хэлсэн юм.