Царайлаг долоон гишүүнээс бүрдэх К-поп урсгалын төлөөлөл BTS хамтлаг амжилтаараа хөгжмийн зах зээлд цахиур хагалсаар байна.

Өнгөрөгч Ням гаригт тэдний шинэ цомог “Love Yourself: Tear” Биллбордын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Тус цомог нь энэ сарын эхээр худалдаанд гарснаасаа хойш 135 мянган хувь зарагдсан байна.Үүгээрээ энэ нь Биллбордын жагсаалтыг тэргүүлсэн анхны гадаад хэл дээрх цомог болжээ.

Тэд цомгийнхоо анхны “Fake Love” дуугаараа энэ сарын 20-нд Лас Вегас хотод болсон Биллбордын шагнал гардуулах ёслолын тайзыг доргиосон юм. Харин тэдний өнгөрөгч оны аравдугаар сард гаргасан “Love Yourself: Her “ цомог уг жагсаалтын долдугаар байранд орж байжээ.

Мөн тэдний Америкийн Лос Анжелес, Чикаго, Нью-Йорк хотоор хийсэн энэ жилийн аялан тоглолт Канад болон Европын орнуудаар үргэлжлэх гэнэ.  

Эх сурвалж: BBC, Rollingstone