ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийж, төрийн албаны сахилга хариуцлагыг чангатгах талаар үүрэг өглөө.

Өнгөрсөн оны байдлаар төрийн захиргааны байгууллагын дэргэд ёс зүйн 618 хороо ажиллаж байна. Эдгээр хороодоос 2017 онд 334 ёс зүйн зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оноосоо 141-ээр өссөн байна.

Мөн иргэдийн дунд явуулсан судалгаагаар 75 хувь нь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга хариуцлага алдагдсан,төрд итгэх итгэл буурсан гэжээ. Энэ бүхэн төрд ажиллаж байгаа хүмүүс хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаатай холбоотой гэдгийг Г.Занданшатар хэллээ.

Тиймээс энэ чиглэлээр Засгийн газраас гаргасан тогтоол чиглэлийн хэрэгжилт, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүднээс энэ сарын 3-15-нд эрх бүхий төрийн байгууллагын хамтарсан шалгалт хийж буйг мэдэгдлээ.

Түүнчлэн энэ сарын 21, 22-нд төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнийг хийж, төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, чиглэлийг хэлэлцэж, төрийн албан хаагчдын саналыг тусгах юм.

Дашрамд дурдахад, Засгийн газраас төрийн албыг ёс зүй хариуцлагатай болгох, ард түмний итгэлийг сэргээх үүднээс Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулж, энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх юм.