Бид амжилттай яваа бизнес эрхлэгчдийн намтар, амжилтад хүрсэн түүхийг сонсож, өөрсдийн зорилго, тэмүүллийг төсөөлөн суух дуртай шүү дээ. Тэгвэл ажилтад хүрсэн эрхмүүд нэг л өдөр босгосон бүхнээ алдаж, шинээр эхлүүлэх хэрэгтэй болбол яах бол?

Өнөө үеийн томоохон бизнесийн магнатууд энэ асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

Марк Кубан

Mark Cuban

Тэрээр Америкийн NBA-ын Даллас Маверикүүдийг эзэмшдэг, AXS TV-ийн дарга, бизнесмэн бөгөөд Шарк Танк нэвтрүүлгийн үндсэн хөрөнгө оруулагч шаркуудын нэг юм.

Түүнээс бүхнийг шинээр эхлэх шаардлага гарвал яах талаар асуухад, “Оройн цагаар бармен хийнэ, тийм л юм хийж таарах байх даа. Харин өдрийн цагаар борлуулалтын ажил хийгээд, хөдөлмөрлөөд л байна” гэжээ.

Билл Гэйтс

Bill Gates

Microsoft корпорацийн үүсгэн байгуулагч, бизнесийн магнат Билл Гэйтсээс ижил асуултыг асуухад, “Хиймэл оюун ухааны салбарт шумбан орно” гэж хариулсан байна. “Хиймэл оюун ухааны хөгжил одоо маш гайхалтай түвшинд байгаа. Тиймээс үүнтэй холбоотой ямар ч ажилд орсон сэтгэл хөдөлгөм амьдралыг туулна” гэж итгэл дүүрэн хэлжээ.

Уоррен Баффет

Warren Buffett

Berkshire Hathaway-ийн гүйцэтгэх захирал тэрээр Билл Гэйтстэй ижил зүйлийг хийгээд зогсохгүй хөрөнгө оруулалтад түлхүү анхаарна гэжээ. “Би хөрөнгө оруулснаар 20-иод насандаа зугаатай амьдарч чадсан, 30-аад насандаа ч хөгжилдсөн, одоо би 87 настай. Тэгсэн ч миний амьдрал хөгжилтэй хэвээр байна. Хэрэв би үүнээс өөр зүйл хийсэн бол гарцаагүй бүтэлгүйтэх байсан” гэж хариулсан байна.

Барбара Коркоран

Barbara Corcoran

Тэрээр Марк Кубантай адил үйлчилгээний салбарт орно гэжээ. Коркоран, “Би дахин зөөгч хийж эхэлнэ. Яагаад гэж үү? Учир нь чи бусад ажлаас илүү зөөгч хийснээр ихийг сурдаг. Би чиний төсөөлж байгаагаас ч их хар бор ажил хийсэн” гэж хариулсан байна.

“Зөөгч хийхийн сайхан нь чамд өөрийн гэсэн эзэмшил газар олгодогт байгаа юм. Чиний үйлчилж байгаа ширээ, тэкний үйлчилгээ хэр сайн байх нь чамаас л шалтгаална” гэжээ. Барбара Коркоран бол Шарк Танк нэвтрүүлгийн хөрөнгө оруулагч, Америкийн бизнес эрхлэгч юм.

Ричард Брэнсон

Richard Branson

Сансарт гарах хүсэлтэй, “том сэтгэ эсвэл гэртээ харь” гэх үзэл баримтлалтай тэрээр “Би түүхэн дэх хамгийн гайхалтай, сонирхол татахуйц байдлаар бүтэлгүйтсэн хүн байхыг илүүд үзнэ. Үүний дараа би бүх тэмдэглэлээ эргүүлж нэг хараад, хамгийн сайхан бүтэлгүйтсэн санаагаа хэрэгжүүлнэ” гэж Finding my virginity номдоо бичжээ.

Тэрээр Aнглийн бизнесийн магнат бөгөөд олон улсын Virgin Group хөрөнгө оруулалтын конгломератын үүсгэн байгуулагч юм. Virgin Group өдгөө дэлхийн 400 гаруй компанийг удирддаг байна.

Эх сурвалж: entrepreneur