БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн дарга Жао Шучонтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Н.Цэрэнбат Дорноговь, Замын-Үүд орчмыг ойжуулахын тулд цөл хээрийн бүсийг ойжуулах, томоохон нуурууд буюу Буйр, Ганга орчмыг элсний нүүдлээс хамгаалахад туршлага, дэмжлэг хүссэн байна. Хариуд нь Жао Шучон хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын шугамаар манай 16 оюутан Хятадын их, дээд сургуульд ойн чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагдсан байна.

Манай улс тус байгууллагатай 2009 оноос холбоо тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд ойн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, хотын цэцэгжүүлэлт, ойн бүрхэвчийн өөрчлөлтийг судлах зэрэг чиглэлээр хамтран ажиллажээ.

Сонирхуулбал, өнөөдөр дэлхийн ойн өдөр тохиож байгаа ба энэ жил Ой ба боловсрол уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

БОАЖЯ-аас Дэлхийн ойн өдрийг угтан Ази номхон далайн орнуудын ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 19-21-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг хуралд 26 орны 54 төлөөлөгч оролцож ойн салбарын асуудал хийгээд шийдлийн талаар хэлэлцэж байна.