Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд цагдаагийн газраас шалгалт явуулж байна. Тодруулбал, Э.Бөхбатын эзэмшлийн БГД-ийн нэгдүгээр хороо 11-1 тоотод хууль бус автомат тоглоомын газар ажиллаж байсан ба тус газрыг шалгаж өгөх хүсэлтийг Э.Бөхбат өөрийн биеэр гаргажээ. 

Тэрээр энэ талаар тайлбарлахдаа, “Миний түрээсэлж байгаа газарт хууль бус автомат тоглоомын газар ажиллаж байгааг мэдээд өчигдөр шалгаж өгөх хүсэлт гаргасан. Би энэ газрыг 2003 онд худалдан аваад өргөтгөл барьж, ресторан ажиллуулж байгаад 2007, 2008 оноос түрээсэлсэн. Гэвч надаас түрээсэлсэн хүмүүс маань давхар түрээлсэлсэн байна” гэлээ. 

Ийм асуудал үүссэн тул түрээслэх гэрээгээр цуцалж, нийтийн хоолны зориулалтаар ашиглах түрээслэгч хайна гэх тайлбарыг нэмж хэлсэн юм. Автомат тоглоомын газар ажиллаж байсан газар нь 200 метр.кв хэмжээтэй бөгөөд нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй байжээ. 

Тус газарт цагдаагийн байгууллагаас удаа дараа шалгалт хийж, 2018 онд таван удаа, 2019 онд таван удаа нийт 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Гэвч хууль бус автомат тоглоомын газрын тоног төхөөрөмжийг хураан авах хуулийн үндэслэл байхгүй учир үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байжээ.