Хэрэв та анзаарсан бол төдийлөн их ашиглаад байдаггүй жижигхэн булангийн хэсэг айл бүрт байдаг. Гэхдээ тухайн жижиг буланг өнгө үзэмжтэй, хэрэгцээтэй байдлаар ашиглах олон арга бий. 

Эко хэсэг 

Булангийн хэсэгтээ тасалгааны цэцэг байрлуулж, бяцхан эко булан үүсгэж болно. Ингэхдээ тасалгааны цэцгийг модон тавилгатай хослуулбал илүү байгальтай ойр, амьд мэдрэмж төрүүлэх юм. Мөн ногоон өнгө тайвшруулж амар амгалан байдлыг мэдрүүлдэг учир том өрөө, ажлын өрөөний буланг сонговол илүү тохиромжтой.

Тухтай хэсэг

Гэрийнхээ цонхтой буланд сандал, буйдан, ор байрлуулж гаднах үзэмжийг тухлан харах, ном уншин алжаалаа тайлах хэсэг болгож болно. Үүний хажуугаар тавиур байрлуулбал илүү хэрэгцээтэй бас тухтай байна.

Хэрэгцээт булан 

Булангийн хоосон хэсгийг ашиглан ханын өнгөтэй хослуулж өвөрмөц загварын тавиур байрлуулж, өөрийн цуглуулдаг сувинер, гэр бүлийн жаазтай зураг эсвэл номоор дүүргэж өгөөрэй.

Цэгцтэй угаалга

Угаалгын өрөөний хажууд байрлах булангийн хэсэгтээ угаах хувцсыг өнгө, нэрээр ялгах сагс байрлуулах боломжтой. Ингэснээр таны ажлыг хөнгөвчилж, эмх цэгцтэй болгох юм.