Цагдаагийн алба хаагчид бүлэглэн дээрэм хийдэг этгээдүүдийг илрүүлэн баривчиллаа. Тодруулбал, ЦЕГ-ын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид дөрвөн бүлэг 15 этгээдийг баривчлан шалгаж байна. 

Эдгээр этгээдүүд нь шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, ганц нэгээрээ яваа охид, эмэгтэйчүүдийг араас нь дагаж улмаар зодож, эд зүйлсийг нь дээрэмддэг байжээ.

Урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 17-29 насны М, Э, Д, Б, Э, А нар нь нийслэлийн хэмжээнд дээрэмдэх зургаа, хулгайлах гурав, залилах гурав нийт 12 удаагийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байна.

Энэ мэтээр иргэд орой үдшийн цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт халдлагад өртөх тохиолдлууд бүртгэгдэж байгаа тул шөнө, оройн цагаар ганцаараа явахгүй байх, гэрэлтүүлэгтэй, камерын хяналттай бүсээр явах, баталгаат таксигаар үйлчлүүлэхийг ЦЕГ-аас анхаарууллаа. 

Сүүлийн үед тодорхой эрхэлсэн ажилгүй залуучууд бүлэглэн залилан, хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихсээд байна. Тухайлбал, энэ сарын найманд фэйсбүүкээр дамжуулан иргэдээс мөнгө залилдаг 19-20 орчим насны таван залууг илрүүлсэн юм.