Булган аймаг 40 мянган га талбайгаас 56 мянган тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. ХХААХҮ-ийн сайдтай байгуулсан гэрээгээр 54288 тонн буудай, 1300 тонн тэжээл, 4246 тонн төмс, 1972 тонн хүнсний ногоо хураахаар тусгагдсан юм.              

Энэ оны хаврын тариалалтаар нийт 49619 га-д тариалалт хийсэн ба 42 мянга гаруй га-д үр тариа , 1183 га-д ногоон тэжээл, 353 га-д төмс, 118.7 га-д хүнсний ногоо тариалсан байна.

Тариалалтын чанарыг соёололтоор дүгнэхэд 91.2 хувь нь онц сайн, 8.8 хувь нь дунд үнэлэгдсэн ба өдөр шөнийн температурын зөрөө их, хүйтэн байсны улмаас тариалалт хожуу хийгдэж, болц хойшилжээ.

Мөн наймдугаар сард хүчтэй аадар бороо, мөндөр орж, Сэлэнгэ, Хангал, Хишиг-Өндөр сумын тариалалтын талбай 80-100 хувь ургац алдаад байгаа юм.

Түүнчлэн бордоо, ургамал хамгааллын бодисыг ашиглан 1000 гаруй га гуурстай талбайд нэмж тариалалт хийсэн ба Оросын дэвшилтэт технологийг ашиглан 500 га-д Хангал, Сэлэнгэ, Баян-Агт, Бугат сумын дөрвөн ААН ургацыг 2-3 дахин нэмэгдүүлэх туршилтын тариалалт хийсэн байна.

Энэ онд улсын хэмжээнд нийт 512.0 мянган га-д тариалалт хийсэн ба ургац хураалтын ажил орон даяар эхэлж, тариа хураалт 20 гаруй, хүнсний ногоо хураалт 40 гаруй хувьтай байгаа юм.